Нийл Сакер: Монгол Улсын эдийн засаг хүлээж байснаас өндөр үзүүлэлттэй гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-18 15:58:09
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 79.1 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ. Учир нь ОУВС-гийн захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг энэ сарын 15-ны өдөр хэлэлцэж баталсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 83.868 сая зээлжих тусгай эрх буюу 118.6 сая ам.долларын санхүүжилт олгох юм.

Олон Улсын Валютын Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэлэхдээ, “ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт Монголд амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөв байсан нь хөтөлбөр батлагдах үед төсөөлж байснаас өндөр үзүүлэлт гарахаар байгаа юм. Монгол Улсын бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин тааламжтай байсны үр дүнд эерэг үзүүлэлт гарч байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсад том нөлөө үзүүллээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл сэргэв.  2017  оны хувьд хөрөнгийн урсгал нэмэгдэхийн зэрэгцээ төгрөгийн ханш тогтворжиж, гадаад зах зээлд гаргасан бондын хүү буурсныг тодотгох нь зүйтэй байх. Монгол Улс 2016 онд 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсан бол олон улсын бондын зах зээлд энэ онд  5 гаруй хувийн хүүтэй бонд гаргасан нь маш том ололт юм. Үүнээс дүгнэвэл, Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулагчид хэр зэрэг итгэл төрснийг харж болно. Түүнчлэн Засгийн газрын бондын хүү дотоодын зах зээлд 18 хувиас 11 хувь хүртэл буурлаа. Цаашлаад арилжааны банкны хүү буурна гэсэн хүлээлт байна. Гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, цаашид нэмэгдэх төлөвтэй боллоо. Ийнхүү эдийн засаг сэргэсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг  Засгийн газар тууштай  хэрэгжүүлсэн явдал гэж харж байна. Тухайлбал төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг  дагаж, алдагдлыг бууруулахад зохих  авах арга хэмжээнүүдийг  авлаа. 2021 онд хөтөлбөр хэрэгжиж дуусна. Энэ үед  төсвийг ашигтай гаргах бүх тохиргоонуудыг хийнэ” гэлээ.

Ийнхүү ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт нэг жилийн хугацаанд үр дүнгээ өгчээ. Тус сангаас цаашид  Монгол Улс бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал гэсэн зөвлөмж өгч байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ