Саудын Аравид үйлчилдэг 10 хориг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-13 13:36:35
Би-Би-Си. /Москва/. Гэрлээгүй хүмүүс нэг нэгнийхээ дэргэд суух нь “нүгэл” гэж шашны зүтгэлтнүүд нь үздэг байсан учир Саудын Аравид 1980-аад оны үед бүх кино театрынхаа үйл ажиллагааг зогсоож байжээ. Харин тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман үзвэр үйлчилгээний салбарыг  хөхиүлэн дэмжих болсноор ирэх оны гуравдугаар сараас эхлэн кино театруудыг нээхээр болсон билээ. Гэсэн хэдий ч тус улсад хуульд заагаагүй боловч уламжлал, шашинтай холбоотой олон хориг үйлчилсээр байна. Ингээд Саудын Аравид хамгийн түгээмэл үйлчилдэг  10 хоригийг танилцуулъя.

1. Эмэгтэй хүний эрх

Тус улсад эмэгтэй хүний эрхтэй холбоотой хоригууд хамгийн түгээмэл байдаг аж. Тухайлбал, Эмэгтэй хүний хувьд эр нөхөр нь түүний асран хамгаалагч байх ёстой гэнэ. Хэрэв нөхөр байхгүй бол эцэг, ах, өвөө  бүр хүү нь хүртэл эмэгтэй хүний хувьд асран хамгаалагч нь байх ёстой аж. Эмэгтэйчүүд нь тэдний зөвшөөрөлгүйгээр гадагш гарах, ажилд орох, банкинд данс нээх зэрэг зүйлийг хийж болдоггүй байна. Түүнчлэн хамаатан саднаас нь өөр эрэгтэй хүний дэргэд байх үедээ заавал биеэ халхалсан урт өмсгөлтэй, үсээ халхалсан байх ёстой аж. Энэ тухай хуульдаа заагаагүй ч хэв журам сахиулах тусгай алба нь үсээ хангалттай халхлаагүй, өөрсдийн “абайя” хэмээх тусгай өмсгөлөө буруу өмссөн эмэгтэйчүүдийг баривчилж, дүрэм журмыг мөрдүүлдэг гэнэ.

2.Бүжиг

2017 оны наймдугаар сард Жидда хотод нэгэн өсвөр насны хүүхэд зам хөндлөн гарч байхдаа макарена бүжиглэж байгаад баривчлагджээ. Цагдаагийн газар замын хөдөлгөөн дүрэм болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн учраас түүнийг баривчилсан хэмээн тайлбарласан байна. 

3. Гэгээн Валентины өдөр

Гэгээн Валентины өдрөөр Саудын Аравид улаан сарнай юм уу  улаан өнгийн зүйлс худалдахыг хориглодог гэнэ. Түүнчлэн зүрхэн хэлбэртэй ямар нэгэн зүйл борлуулж болдоггүй аж. Учир нь уг баярыг лалын шашинд тохирохгүй тул нүгэлд унаж мэднэ хэмээн үздэг байна.

4. Покемон
“Pokemon Go” тоглоом нь мөрийтэй тоглоомтой тун ижил тул шариатын хуульд нийцэхгүй гэж үзжээ.

5. Харри Потер
Саудын Аравийн эрх баригчид ид шидтэй холбоотой зүйлд маш нухацтай ханддаг гэнэ. Тийм ч учраас Харри Поттерийн ном, киног хориглодог байна. 

6. Сүм, дуган
Христийн шашинтнуудыг Саудын Аравид нэвтрүүлэхийг зөвшөөрдөг ч олны дунд залбирах, мөргөл үйлдэхийг хориглодог байна. Түүнчлэн сүм дуган барихыг зөвшөөрдөггүй бөгөөд христийн шашинтнууд зөвхөн гэр орондоо л залбирч болох аж.

7. Гэрэл зураг
Энгийн зураг авч болох ч тус улсад хааны ордны зургийг авахыг хатуу хориглодог гэнэ.

8. Шарсан мах
Гэрээсээ гадуур өөр газарт үдэшлэг зохион байгуулж, шорлог хийх хориотой байдаг байна.

9. Нэр
Саудын Аравид хүүхэддээ өгч болохгүй хориотой нэрсийн жагсаалт байдаг аж. Тухайлбал, Египетийн ерөнхийлөгч асан Абдель Насерын нэрээр хүүхдээ нэрлэж болохгүй гэнэ. Учир нь тэрбээр Египетэд өрнөсөн лалын хөдөлгөөнийг дарж, Саудын Аравитай тун таагүй харилцаатай байдаг байсан аж.

10. Архи болон гахайн мах
Саудын Аравид согтууруулах ундаа хэрэглэх, гахайн мах идэхийг бүрэн хориглодог. Эдгээр бүтээгдэхүүнийг бага зэрэг агуулагдсан холимог бүтээгдэхүүнийг хэрэглэхийг ч мөн адил хориглодог байна.
 
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ