2018 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-05 13:14:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Засаг даргын дэргэд Аялал жуулчлал, гадаад харилцааны алба байгуулагдаад есөн сар болж байна. Энэ хугацаанд аялал жуулчлалын талаар баримтлах бодлогоо тодорхойлж, аялалынхаа маршрут, жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхойлжээ.
Мөн олон улсын болон үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн яармагуудад оролцож аймаг, орон нутгаа сурталчилж, аймаг, орон нутагтаа зохион байгуулдаг эвент арга хэмжээнүүддээ хэвлэл мэдээллийнхэн болон гадаадын жуулчдын байгууллагуудын мэргэжилтнүүдийг урьж сурталчилгааны зураг авалт хийлгэсэн байна. Мөн Зүүн хойд азийн хотуудын холбооны шугамаар 54 улс оронд аймаг, орон нутгаа сурталчилжээ.
Уг үйл ажиллагааны үр дүнд Засгийн газрын болон БОАЖЯ, төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын анхаарал Баянхонгор аймаг руу чиглэж эхэлжээ. Тухайлбал, БОАЖЯ, ҮХГ, Германы ЭТИС хөтөлбөр манай аймгийн саналыг хүлээн авч, Хангай бүсийн аялал жуулчлалын зөвлөлгөөнийг Баянхонгорт хийх санаачилгыг дэмжсэн бол Германы Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Тайландын олон улсын хөгжлийн агентлаг, ҮХГ-ууд хамтарч Тогтвортой аялал жуулчлал төслийг хэрэгжүүлэгч аймгийн нэгээр Баянхонгорыг сонгожээ. Түүнээс гадна аялал жуулчлалын чиглэлээр “Нью жуулчин”, “МИАТ” компани, Өлзийбодьжав захиралтай “Монгол хан экспедишн” компаниуд хамтран ажиллах саналаа илэрхийлээд байна. Нөгөө талаар БНХАУ-ын Альшаа аймгийн Эзнээ хошуу 2500 жуулчин /500машин/ 2018 онд ирүүлэх саналаа илэрхийлжээ. Баянлиг болон Бууцагаан сумуудад нийтдээ 80.0 орчин сая төгрөгийн хөрөнгө оруулалттай жуулчны хоёр бааз шинээр баригдсан байна.
Тиймээс Аялал жуулчлалын чиглэлээр бий болсон нааштай үр дүн, эерэг хандлагаа улам эрчимжүүлж, аймгаараа энэ чиглэл рүү анхаарлаа хандуулах, улмаар 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлахыг ИТХ-ын төлөөлөгчид дуу нэгтэй дэмжив. 

                                                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ