Дэлхийн хөлбөмбөгийн шилдгүүдийн тулаанд өрсөлдөх багууд учраагаа сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-02 07:16:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хот 2017 оны 12 дугаар сарын 1-ний  орой Кремлийн ордны Соёлын танхимд дэлхийн хөлбөмбөгийн ногоон талбайн олны танил болсон одууд хуран цуглаж ОХУ-д анх удаа зохион байгуулах Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны 21 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалааны ёслол Москвагийн цагаар 18 цагт эхэллээ.

2014 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн таван тивд 871 тоглолтыг явуулсаны үр дүнд шигшигдэн сонгогдсон ФИФА-гийн гишүүн 208 улс орны үндэсний шигшээ багуудаас 32 баг 2018 онд ОХУ-ыг зорих эрхээ авсан. Аваргын цомын төлөөх өрсөлдөөний ерөнхий хандлага, өнгө төрхийг тодорхойлох сугалааны арга хэмжээнд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчид сугалааны үр дүнг сэтгэл догдлон хүлээх агшныг дэлхий нийтээрээ ширтэн харах мөч гайхалтай.

Сугалааны ёслолын арга хэмжээг Оросын “Жимми Фэллон” гэгддэг Иван Ургант, дуучин Алсу нар хөтлөн явууллаа. Ёслолыг нээж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлсэн бөгөөд анх удаагаа эх орондоо ДЦАШТ-ийг хүлээн авч байгаа Орос орон энэ тэмцээнд ямар их өндөр ач холбогдол өгч байгааг дэлхий нийт харлаа. Энэхүү сугалааны үйл ажиллагааг Английн шигшээ багийн довтлогч асан, Английн хөлбөмбөгийн амьд домог Гари Линекер удирдан явуулсан.

Мөн түүний хамт Оросын хөлбөмбөгийн тайлбарлагч Мария Командная ажиллаж, дэлхийн аваргаас түрүү хүртсэн найман орны домогт тоглогчид сугалаа тодруулахад оролцлоо. Диего Марадона /Аргентин/, Фабио Каннаваро /Итали/, Кафу /Бразил/, Карлес Пуйоль /Испани/, Гордон Бэнкс /Англи/, Мирослав Клозе /Герман/, Лоран Блан /Франц/, Диего Форлан /Уругвай/ нарын ногоон талбайн сорууд нэгэн тайзнаа цугларсан байв. Энэхүү ёслолын бас нэгэн хүндэтгэлийн чимэг нь “Спартак Москва” клубын довтлогч асан, 91 настай Никита Симонян боллоо.

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны өдрүүдэд болно. ОХУ-ын нийт 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд ДЦАШТ-ий тоглолтуудыг зохион явуулах юм. Москва хотын алдарт Лужники цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 15-нд шигшээ тоглолт болно. Одоо та бүхэнд сугалааны дүнг сонирхуулж байна.


 

А хэсэг: ОХУ, Саудын Араб, Египет, Уругвай

В хэсэг: Португал, Испани, Марокко, Иран

С хэсэг: Франц, Австрали, Перу, Дани

D хэсэг: Аргентин, Исланд, Хорват, Нигер

Е хэсэг: Бразил, Швейцарь, Коста Рика, Серби

F хэсэг: Герман, Мексик, Швед, БНСУ

G хэсэг: Бельги, Панам, Тунис, Англи

Н хэсэг: Польш, Сенегал, Колумб, Япон
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ