У.Хүрэлсүх: Аль ч нам эрх барьсан Монгол Улс гадаад бодлогын нэгдмэл байр суурьтай байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-01 18:07:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын баримталж буй гадаад харилцааны бодлого, чиглэл, гадаад худалдаа, эдийн засгийн эргэлтийн талаар нэгдсэн мэдээлэл өгөв.  

Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Гадаад бодлого, гадаад харилцаа үндсэндээ амжилттай явж, улсын нэр хүнд дэлхийн тавцанд өндөр байгааг онцлоод гэхдээ зарим газар, зарим асуудлаар нөхцөл байдал амаргүй байна, зөв, эрүүл гадаад бодлого явуулбал улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болж өгнө хэмээлээ. Цааш нь "Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал байна. Гадаад талдаа асуудлаа тавихаасаа өмнө дотооддоо байр сууриа нэгтгэдэг байх, энэ зохицуулалтыг нь хангах үүргийг Гадаад харилцааны яам хариуцах учиртай. Энэ үүргээ биелүүлэхэд нь төр, засгийн бусад обьект дэмжлэг үзүүлэх ёстой. Ингэж гэмээнэ бидний гадаад бодлогын зорилтууд илүү үр дүнтэй, амжилттай хэрэгжинэ. Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо хөгжил, дэвшлийг урагшлуулах замаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно. Энэ зорилгын хүрээнд бид юун түрүүнд хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Хөрш хоёр оронтойгоо харилцан хүндэтгэлтэй, харилцан тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарыг хамарсан харилцаа, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын комисс, тодорхой асуудлаарх хамтарсан Ажлын хэсгүүд болон бусад яриа хэлэлцээний олон механизмыг ашиглан өргөжүүлж ирлээ" гэсэн юм.



Ерөнхий сайдын мэдээлэлд дурдагдсан зарим зүйлсийг онцлон хүргэвэл: 
 
Монгол-ОХУ-ын харилцаа

Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн, уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулсан “Монгол, Оросын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс болон тээвэр, газрын хэвлий, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарыг хамарсан ажлын хэсгүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тогтмол санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж ирсэн.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа онцгой байр суурийг эзэлдэг тул уг салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад нэн тааламжтай эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай юм. Энэ  хүрээнд “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.
Монгол, Оросын худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах манай саналыг тус холбооны гишүүн таван орноос ОХУ, Киргиз Улс дэмжээд байна.   
 
Монгол-БНХАУ-ын харилцаа

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилт тавин ажиллаж байна.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдгээр механизмуудын хүрээнд хятадын талтай хэрэгжүүлэх томоохон төслүүдийн хамтын ажиллагаа, хятадын талаас олгосон зээл, тусламжийн ашиглалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаад буй бусад асуудлыг зөв зохистой шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг эхлүүлэх, уул уурхай, эрчим хүч, барилга орон сууц, хөдөө аж ахуй, зам тээвэр, хилийн боомт зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахад чиглэсэн яриа хэлэлцээг хятадын талтай идэвхтэй явуулж, тодорхой үр дүнд хүрч байна.
Монголын Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын талаас дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах явцад үүсэн гарах хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах зорилт тавьж байна.
 
Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа болон гуравдагч хөрш

Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаанд манай тал онцгой ач холбогдол өгч ирсэн. Өнгөрсөн хугацаанд гурван талт уулзалт өндөр, дээд хэмжээнд гурван удаа болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглалыг баталж, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, 2016 онд гарын үсэг зурсан.  Гурван талт хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Өөр олон ирээдүйтэй салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй  байна.

АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо бид тууштай хэрэгжүүлж байна.
АНУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түвшинд хүргэх зорилтоо бататгах хүрээнд улс төрийн харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх, Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тус орны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг Монголд бий болгохыг зорьж байна.
АНУ-тай улс төр, аюулгүй байдлын талаар болон бүс нутгийн асуудлаар яриа, хэлэлцээ хийдэг зөвлөлдөх механизмтай болсон нь харилцаа улам гүнзгийрч буйн нотолгоо юм.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэгдсэн үнэт зүйлстэй Монгол Улс, АНУ-ын харилцаа идэвхтэй хөгжиж буйн бас нэг илрэл бол манай Засгийн газарт АНУ-ын Мянганы сорилтын корпораци хоёрдахь компакт гэрээгээрээ 350 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон явдал юм. Энэ тусламж орж ирснээр манай хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг урт хугацаанд тогтвортой хадгалах боломж бүрдэх юм.
Монгол Улс Ази, Номхон далайн  улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирлээ. Уламжлалт харилцаатай түнш улс орнуудтай харилцааг өргөжүүлэх чиглэлд ахиц гарч, хамтын ажиллагааны цар хүрээ тэлсээр байна. Тухайлбал, Япон, БНЭУ-тай Стратегийн түншлэл, БНСУ-тай Иж бүрэн түншлэл, Австрали Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа хөгжүүлж байна.
Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 оны зургадугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэлэлцээр байгуулагдсаны хоёр улсын худалдаа 18.0 хувиар нэмэгдсэн байна.
БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг жилийн хугацаанд хийж дуусаад байна.  Энэ нь худалдааг либералчлах төдийгүй, эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хамрах учраас БНСУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд солилцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг ирэх онд эхлүүлнэ.
Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн бүс нутгийн байдал түгшүүртэй байна. Манай улсын 40 шахам мянган иргэн БНСУ-д оршин сууж байна. Энэ бүс нутагт өрнөж буй үйл явдал манай улсын аюулгүй байдалд шууд хамаатай. Нөхцөл байдал ноцтой болсон тохиолдолд иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт урьдчилан бэлтгэж, анхаарал тавьж байгаа.
Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна.  Хоёр орны батлан хамгаалах, аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаа бэхжихийн сацуу эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна.  Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар соёрхон батлуулж, эдүгээ “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэж байна.
Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд  Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн харилцаа хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирэв.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад тус улсын идэвхтэй оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг тодорхой чиглэлүүдээр идэвхжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 73 дугаар чуулганд идэвхтэй оролцож, олон улсын холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг урагшлуулах, Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг хэрэгжүүлэх, НҮБ-ын энхийг сахих ажиллагаанд оролцоогоо  нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Бусад мэдээллүүд: 
  • - Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын 15000 гаруй цэнхэр дуулгатан дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаа хандивлагч эхний 30 улсын нэг боллоо. Засгийн газрын зүгээс цаашид энхийг сахиулах ажиллагаанд инженерийн болон тусгай үүрэгт рот илгээхээр бэлтгэлээ хангаж байна.
  • - НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаагийн хувьд бид хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьж, жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаатай тэмцэх, арьс өнгө, хүйсээр алагчилахгүй байх үзэл санааг дэмжих, цаазын ялыг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.
  • - Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 7.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Экспорт 37.5 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар, импорт 27.9 хувиар буюу 682.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 567.7 сая ам.доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрлээ. Хөрш орнууд болон гол түнш орнуудтай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч нийт бараа эргэлтийн 64.2 хувь буюу 5.0 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12.3 хувь буюу 950 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн бөгөөд БНХАУ-тай хийсэн худалдаа 2016 оны мөн үеэс 40.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.1 хувиар тус тус өсчээ.
  • - Гадаад харилцааны үйл ажиллагаа, дипломат нөөц бололцоогоо хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүүлж, эдийн засгийн хямралт байдлыг аль болох бага хугацаанд даван туулахад гол анхаарлаа хандуулж байна.
  • - Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон 100 дахь орон болсноор далайд гарцгүй хөгжиж байгаа орны хувьд хөгжлийн түншүүдээс дэмжлэг, туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажиж, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж бүрдэж байна. Энэ ажлын хүрээнд “Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ”-г ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно.
  • - Монгол Улс 1990 оноос хойш БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс 38 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн ихэнх нь 2010 оноос өмнө байгуулагдсан тул загвар хэлэлцээрийн шинэ төслийг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн боловсруулахаар Ажлын хэсэг байгуулсан.
  • - Засгийн газар гадаад бодлогын хэрэгжилт, гадаад харилцааны үр өгөөж нь иргэн, хувь хүнд хэрхэн хүрч, наалдаж байгаад анхаарах болно.
  • - Технологи, инновацийн судалгаа, мэдээллийн байнгын зөвлөлийг Гадаад харилцааны яаманд байгуулахаар төлөвлөөд байна.
  • - Өнөөдрийн байдлаар манай улсын 144 гаруй мянган иргэн гадаадын улс орнуудад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдсөн иргэн бүрийнхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна.
  • - Монгол иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй зорчдог гадаад улсын тоог нэмэгдүүлэх, виз мэдүүлэхэд тавигддаг шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлж, шат дараатай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар энгийн паспорттай иргэд 19 улсад, дипломат, албан паспорттай иргэд 29 улсад визгүй зорчиж байна.
  • - Дипломат, албан паспорт олгох, эзэмших журмыг шинэчилж, паспорт мэдүүлэгч болон эзэмшигчид хариуцлага тооцдог тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг энэ дашрамд тэмдэглэе.  
  • - Олон улсын байдал ээдрээ, адармаатай байгаа нөхцөл байдалд бид том, жижиг улс түмнүүдтэй эв найртай харилцах бодлогыг тууштай баримталснаар улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх гадаад таатай орчныг буй болгож, ард олныхоо амар жимэр, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

 
Ерөнхий сайд дээрх мэдээллийг хийсний дараа УИХ дахь АН-ын бүлэг санал дүгнэлтээ танилцуулсан юм. Бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан бөгөөд тэрбээр "Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл өгсөн гарчигандаа нийцээгүй, ердийн хэдэн тоо баримт, урьд нь хэрэгжүүлж эхлүүлсэн зарим арга хэмжээг системгүй тоочсон, өөрөөр хэлбэл УИХ-ын чуулган дээр Монгол Улсын гадаад бодлого болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар юу хийх, ямар үр дүнд хүрэх талаар шаардлага хангахуйц, эмх цэгцтэй, тоймтой ойлголтыг өгч чадсангүй гэж үзэж байна" гэлээ.
Мөн тус бүлгээс гаргасан дүгнэлтэд, Хоёр хөрш, гуравдагч хөршийн бодлогын тэнцвэртэй байдал алдагдлаа, Хятадын “Бүс ба Зам” санаачилгад хэрхэн оролцох талаар төрийн бодлого байхгүй байна, Монголын төрийн гадаад бодлогын залгамж чанар, нэг цонх, нэгдмэл бодлого, нэгдсэн зохицуулалт шаардлага хангахгүй байна, гуравдагч хөршийн бодлого өмнөх инерцээрээ л явж, үндсэндээ зөнд нь орхигдчихоод байна, Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны эрч саарч байна, гадаад бодлогын чухал гүүрүүдээ нурааж байна, Дэлхийн худалдааны байгууллагын боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна гэжээ. 

Түүнчлэн дээр дурьдагдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газарт цаашид анхаарал хандуулж ажиллах чиглэлээр бүлгээс санал өгснөө танилцуулсан юм. Тухайлбал, Гурван талт дээд хэмжээний уулзалтыг цаашид агуулгын хувьд хэрхэн хийх талаар ҮАБЗ дээр сайн ярилцах хэрэгтэй, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага(ШХАБ)-д Монгол Улс элсэх талаар сайтар нягталж, судалгааны ажлыг эрчимжүүлэх, аливаа гадаад бодлогын асуудлаар өөрийн дураар хувийн тоглолт хийх, хуульгүйгээр олон нийтэд зарлан тунхаглах, дур зоргоор аашлах байдлыг хязгаарлах, Европын Холбоотой байгуулсан “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаатай холбогдуулан Засгийн газраас төлөвлөгөө гаргаж идэвхтэй ажиллах, хоёр талын харилцааг эрчимжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллах, өндөр, дээд хэмжээний уулзалт, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хэлэлцэх асуудлын хүрээ, агуулгыг баяжуулах зэрэг саналыг тус бүлгээс Засгийн газарт хүргүүлэв. 

Ингээд Ерөнхий сайдын танилцуулсан асуудлуудтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн хувьд Монгол Улсын гадаад харилцаанд баримталж байгаа бодлого, өрийн асуудал болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх эсэх, гадаадад төрийн дээд хэмжээний айлчлал хийхдээ бизнесийн төлөөллийг авч явах талаар ямар байр суурьтай байгаа талаар тодруулж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Аль ч нам эрх баригч болсон ч Монгол Улс гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал гэдэгтэй санал нэг байдаг. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд Шадар сайд Ө.Энхтүвшин явсан. Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудалд шийдэл гаргах цаг болсон. Энэ тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцаад, Гадаад харилцааны яам тодорхой бодлого гаргана. Энэ нь Монгол Улсын гадаад харилцаанд цаашид чухал ач холбогдолтой. Засгийн газрын зүгээс хоёр хөрш улстайгаа найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр ажиллах болно. Энэ хүрээнд ОХУ-д болох сонгуулийн дараа Ерөнхий сайдын айлчлалыг хийхээр төлөвлөөд байгаа. Мөн БНХАУ-д Гадаад харилцааны сайд албан ёсны айлчлал хийхээр хоёр тал тохирсон гэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн төлөөллийг авч явж, тэдгээрийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах болно" гэж хариулж байлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, чөлөөт худалдаа эдийн засгийн түншлэлийн Монгол-Япон улс хоорондын хэлэлцээрийн дагуу бид харилцан ашигтай байх зарчим барихыг бодож байна. Энэ асуудалд Гадаад харилцааны яамнаас судалгаа хийн ажиллаж байгаа. Гадаад өрийн тухайд Монгол Улсын зээлжих зэрэглэл дээшилсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь өрийн дарамтыг зохицуулах боломжийг бүрдүүлэх, эерэг дохио өгч байна гэж гадны байгууллагууд мэдэгдсэн хэмээн нэмж тайлбарласан. Ингээд сөрөг хүчний бүлгийн гишүүд асуулт асууж дууссанаар өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм. 
 
Н.Гантуяа

Холбоотой мэдээ