Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаартжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-01 12:15:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн Зуухны цехийн 20 ажилтан угаартсан мэдээ байна. Өчигдөр өдрийн 15.00 цагийн үеэс эхлэн ажилчид угаартсан байж болзошгүй байдал илэрч, эхний хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар яг адил шинж тэмдэг илэрсэн 20 хүн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байна. Тэдний 18-ынх нь биеийн байдал дунд зэрэг, хоёрынх нь бие хүндэвтэр  байгаа, угаартсан байж болзошгүй 20 ажилчин 25-55 насныхан гэсэн мэдээг ЭМЯ-ны ажлын хэсгээс өглөө. Төмөрлөгийн үйлдвэрийн Зуухны цехэд 40 гаруй хүн ажилладаг. Үйлдвэрийн ажилчид угаартсан  ослыг зуухны цехэд нүүрстөрөгчийн хэт исэл явагдсанаас болсон байж магадгүй гэдгийг ч  Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс мэдээлэв. Төмөрлөгийн үйлдвэрийн Зуухны цехэд одоогоор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд  дээрх ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ