Францын Ерөнхий сайд сэрэмжлүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-17 13:47:20

ПАРИС. /AA/. 132 хүний аминд хүрсэн Парисын халдлага гарснаас хойш 3 хоногийн дараа Францын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдэл хийж, Франц, Европт ахин халдлага үйлдэж болзошгүйг сэрэмжлүүлэв.

“Зөвхөн Франц ч биш, Европын бусад улсад үйлдэх халдлагаа төлөвлөж байгааг нь бид мэднэ. Рок концерт үзэж, баар, ресторанд хоол идэж, “Стад де Франц”-д хөл бөмбөгийн тоглолт үзэж буй ихэвчлэн залуу хүмүүсийг  террористууд ониллоо” гэж  тэрбээр “RTL” радиод хэлсэн байна.

“Энэ үе удаан хугацааны турш терроризмын аюул заналхийлэл дор амьдарна гэж хэдхэн сарын өмнө намайг хэлэхэд, хүмүүсийг айлган сүрдүүллээ гэж шүүмжилсэн.  Олон нийтийг айлгах гэж биш, хүмүүсийг сэрэмжтэй байлгах гэж хэлсэн юм” гэж Вальс тайлбарлав.

Ням гарагийн орой цагдаагийн ажилтнууд 168 орон сууцанд нэгжлэг хийсэн тухай Дотоод хэргийн сайд Бернард Казенеув  мэдэгдсэн юм. Энэ үеэр 23 хүнийг баривчилж, 104 хүнийг гэрийн хорионд оруулсан бөгөөд он гарснаас хойш терроризмтой холбогдсон 6 хүнийг Францын харьяат бус болгосон байна.

Халдлага үйлдсэн байж болзошгүй 9 этгээдийн 7-г цагдаа нар хэн болохыг тодруулаад байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ