Аймгийн удирдлагууд малчдын төлөөлөлтэй өглөөний цай уулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-30 21:46:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төвд болж байгаа "Малчдын зөвлөлгөөнд" оролцож байгаа 15 сумын малчдын төлөөллийг аймгийн удирдлагууд өглөөний цайнд урьж, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаар саналаа солилцлоо.
Уулзалтын үеэр малчид махны үйлдвэртэй болох, уул уурхайгаас үүдсэн тоосжилт, бэлчээр талхлалтыг бууруулж нөхөн сэргээлт хийх, уул уурхайн нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх малчид иргэдтэй уурхайн удирдлагууд уулзаж, хамтран ажиллаж санал бодлыг нь сонсдог байх зэрэг асуудлыг хөндөж аймгийн удирдлагуудтай нээлттэй ярилцлаа. Мөн монголын үнэт баялаг мал сүргийнхээ үр шимийг сайжруулах, малчид иргэддээ эерэг үр дүн өгдөг бодлого шийдвэр гаргаж дэмжиж ажиллахыг удирдлагуудаас хүслээ. 
Энэ үеэр аймгийн удирдлагууд тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайнуудтай орон нутаг хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаа хэлсэн бөгөөд эерэг хандлагууд гарч байгааг дурдлаа. Мөн энэ жил бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор
 орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 24 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулан, 36,0 мян га бэлчээрийг усжуулж, малчдын хүнд хөдөлмөрийн хөнгөвчлөөд байгаагаа дуулгалаа. 
Уулзалтын төгсгөлд малчид малын хөлийн татвараа төлөхийг дэмжиж, бид төрдөө өгч эргээд хариуцлагатай байхыг шаардаж мал аж ахуйн салбартаа ахиц дэвшил гаргана гэдгээ онцоллоо.
Тус аймагт 11 сарын 30, 12 сарын нэгний өдрүүдэд 200 гаруй малчид чуулж байгаа юм.
 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ