Банкны тухай хуулийг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-30 14:59:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нар тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор явуулах саналтай байсан ч тэрхүү санал олонхийн дэмжлэг авсангүй. Хэлэлцүүлгийн үеэр зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох асуудал дээр төв банк ямар байр суурьтай байгааг лавлаж байв.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх шаардлага байгаа. Монголбанк 11 хуулийн төслийг боловсруулсны эхний хоёрыг өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж байна. Зээлийн хүүг бууруулах тал дээр Монголбанк ажиллаж байна. Түүнчлэн тусгайлсан судалгааны баг ажиллуулан, дүгнэлтийг гишүүдэд хүргүүлсэн гэсэн тайлбар хийсэн юм. Ийнхүү гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авснаар нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. 

Тус хуулийг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.
Б.Туул
Холбоотой мэдээ