Шигшээ багийн тамирчдаас допингийн шинжилгээг гэнэтийн байдлаар авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-29 11:32:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилээс анх удаа спортыг дэмжих сангийн санхүүжилт болон төрийн дэмжлэгтэй БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар /БТСГ/, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Уг төслийн хүрээнд үндэсний шигшээ багийн тамирчдаас допингийн шинжилгээг гэнэтийн байдлаар авч байгаа юм. Шинжилгээнд чөлөөт бөх, бокс, жүдо, хүндийн өргөлт, цана, тэшүүр, биатлон болон пара цанын тамирчид хамарчээ. Мөн үндэсний бөхийн тамирчдаас ч допингийн шинжилгээг авна. БТСГ-аас долоо хоног бүрийн лхагва гарагт Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт энэ талын зөвлөгөө өгч байна. 
“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 73 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед допингийн дуулианд ОХУ-ын зарим тамирчид багтаж, БНСУ-ыг зорих эрхгүй болоод байгаа билээ.
Манай улсын хувьд одоогийн байдлаар тэмцээний гадуурх шинжилгээг спортын 8 төрлөөр 85 тамирчнаас авч сорилын дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн баталгаат лабораторид явуулжээ. 
Энэ жилээс хэрэгжиж буй уг төслийн хүрээнд тамирчид, багш дасгалжуулагч, спорт холбоодод шаардлагатай ном, товхимолыг бэлтгэн өгөөд байгаа юм. Төслөөр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартыг тохимол болгон хэвлүүлжээ. Мөн допингийн шинжилгээ өгөх зааварчилгааг нарийн гаргаж, тамирчдад зөвлөгөөг өгөв.

 Д.Өлзий
Холбоотой мэдээ