Сувилалд амарч байгаагүй ахмадыг үнэ төлбөргүй амрааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-27 15:19:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХХҮГ-ын дэргэдэх ахмадын сувилалд амьжиргааны түвшин доогуур, санхүүгийн боломжгүй, амралт сувилалд амарч байгаагүй ахмад настнуудыг амруулж байна. 
Энэхүү сувилалд хоёр ээлжээр 10 хоногийн хугацаатайгаар тэднийг амраах бөгөөд хөдөөгийн долоон сумын 20 гаруй ахмад настан одоо амарч байна. Дараагийн ээлжинд аймгийн төвийн 20 гаруй ахмадыг амраахаар төлөвлөжээ. 
Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн 40 гаруй ахмадыг ийнхүү амруулж, аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс санхүүг нь гаргаж дээрх 40 гаруй ахмадыг үнэ төлбөргүй амрааж байгаа юм.
Дашрамд дуулгахад хүүхдийн ясли байсан барилгыг 2007 оноос ахмадын сувилал болгож,  2011 оноос бүрэн засварт оруулан үйл ажиллагааг нь жигдэлсэн ажээ. Одоогоор уг сувилал нь 24 хүн хүлээн авах хүчин чадалтай юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ