Модон жорлонгоосоо салахаар мөнгөн хөрөнгө төвлөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:02:53

Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн Төмөр замын хэсгийнхэн буюу олны ярьж заншсанаар чулуун барилгын айлууд сайн дураараа нэгдэн хуримтлалын бүлэг байгуулж мөнгөн хөрөнгө төвлөрүүлэн зарим орон сууцанд цэвэр бохир усны магистрал шугамыг тавиулж эхлээд байна.

Харин тус багийн Засаг даргын хэлснээр орон сууцнуудад цэвэр бохир усны шугам сүлжээ оруулахаар нийт 500 сая төгрөгийн өртгийг  аймгийн ИТХ-аар батлуулахаар саналаа оруулсан байна. 

Өнөөдрийн байдлаар тус багийн өрх бүр гаднаа нэг модон жорлон барьсан бөгөөд зөвхөн өөрсдөө хэрэглээд бусад үед түгжчихдэг аж.  “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хүмүүс эдэлж чадахгүй байгаа  төдийгүй үнэн хэрэг дээрээ манай баг  “Жорлон” баг болсон” гэж  дөрөвдүгээр  багийн Засаг дарга Д.Бадамханд хэллээ. Түүний хэлснээр юун түрүүнд чулуун барилгуудыг цэвэр, бохир усны болон дулааны сүлжээнд холбох ажлыг хийх  шаардлагатай байгаа  юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ