Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал ирэх онд Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-17 14:11:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг ирэх оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Үүнтэй холбогдуулж тус бага хурлын талаар зөвлөлдөх уулзалтыг Шадар сайд Ө.Энхтүвшингийн санаачилгаар Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулав. Уулзалтыг Шадар сайд, Азийн сайд нарын бага хурлын дарга Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ, "2015 онд 189 орны төлөөлөгч Японы Сендай хотноо чуулж Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг баталсан. Ингэснээр дэлхий нийт гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалах үйлсэд хүчин чармайлтаа нэгтгэн ажиллах ёстойг дахин баталгаажуулсан юм. Манай улс гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэн батлахдаа Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци зэрэгт дэвшүүлсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тодорхой заалт оруулсан. Тус хуулийг баталснаар Засгийн газар Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр НҮБ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллахаар хүлээсэн үүрэг, амлалтаа эрх зүйнд хүрээнд баталгаажуулсан юм" гэлээ.

 
Тэрбээр цааш хэлэхдээ, "Уг бага хурлыг ирэх онд зохион байгуулснаар манай Засгийн газар гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бүс нутаг, дэлхий хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлж буйн нэг илэрхийлэл юм. “Гамшгаас урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор болох Азийн сайд нарын Бага хурал  нь:
 
-  Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхий нийтийн аюулгүй байдал, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн санал, санаачилгуудыг хэлэлцэх
 
-  Улс орнуудын ололт амжилт, туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх
 
-  Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг таниулах

- Гамшгийн эрсдлийг бууруулах салбар дах бүс нутгийн болон олон улсын түншлэлийг өргөжүүлэх боломжуудыг бүрдүүлэх явдал болно" хэмээв. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад МУЗН, гадаад улс орнуудын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын тэргүүн, төлөөлөл оролцлоо.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ