Журамт үүргээ ухамсарладаггүй 30 гаруй эцэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-07 12:16:03
Хэнтий /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж, хуулийн дагуу хүүхдүүддээ мөнгөн тэтгэлэг өгөх үүрэг хүлээсэн иргэдээс 32 нь өгт төлдөггүй гэнэ. Өөрөөр хэлбэл тэднийг журамт үүргээ ухамсарладаггүй эцгүүд гэж хэлж болно.

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги 10 дугаар сарын байдлаар хүүхдийн тэтгэлгийн 308 гүйцэтгэх хуудаснаас 11 гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож, 297 гүйцэтгэх хуудасны үлдэгдэлтэй ажиллаж байна гэв. Үүнээс тогтмол төлөлт хийгддэг 171 гүйцэтгэх хуудас, эд хөрөнгөөр болон хэсэгчлэн төлөлт хийгдсэн 94 гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. 
 
Энэ оны III улирлын байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 132 сая 424,7 мянган төгрөгийг тэтгэлэг авагч нарт олгоод байгаа аж. Үүнээс харахад салсан гэр бүлүүдийн тодорхой хэсэг нь хүүхэддээ тэтгэлэг олгож, харж хандаж байгаа мэт боловч мөнгөн тэтгэмж нь эцэг эхийн хайрыг хэзээ ч орлож чадахгүй юм.

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2016 онд хосуудын 67 хувь нь, 2017 онд 71,6 хувь нь шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан гэсэн статистик тоо гарчээ. Энэ тооны ард тэр хэмжээний хүүхдүүд хохирогч болдог гэсэн үг.
 
Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хамгийн түрүүнд хүүхдэд, ялангуяа сургуулийн насны хүүхдэд илүү хүндээр тусдаг ажээ. Гэр бүл цуцлагдахад хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртэйгөө холбон ойлгож, гутралд ордог гэх мэт асуудлууд үүсдэг болохыг гэр бүл судлаачид тогтоосон байна. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ