Хууртаж болохгүйг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зохион байгуулж буй "Сонор-2" үйл ажиллагааны хүрээнд Хархорин худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Г-г олж тогтоожээ.
Уг этгээд нь европын орнуудын виз яаралтай гаргаж өгнө гэх нэрийдлээр бусдыг залилан мэхэлдэг болох нь тогтоогдон шалгагдаж байна. Тиймээс уг иргэнд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Залилангийн хэрэг үйлдсэн иргэн Г ярихдаа "Манай нэг танил дүү Францаас холбогдоод найз охиноо авмаар байна гэсэн. Тэрнийх нь дагуу материалыг нь бүрдүүлж өгч байсан" хэмээн мэдүүлжээ. Тиймээс дээрх асуудлаар Гадаад харилцааны яаманд хандаж, тухайн яамнаас зөвшөөрөл авсан, тусгай үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагаар үйлчлүүлж байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтстээс анхааруулав.
Ж.Батсайхан