Ж.Батзандан: УИХ-ын бүрэн эрхийн хугацааг УИХ-ын гишүүн сунгах эрхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-13 13:33:10

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 6-нд УИХ-д өргөн барьсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр суурийг илэрхийлж, өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн хүрээнд өөрчлөлтийг хийх ёстой хэмээн үзэж байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан. 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байна. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд байгаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах нь зүйн хэрэг. Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах өөрчлөлтийг УИХ-ын гишүүн санаачилж оруулж болохгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг хариуцлагыг сулруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Үндсэн хуулинд санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй. Гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах чиглэлд УИХ-ын гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй хэмээн тусгасан байгаа гэж Ж.Батзандан гишүүн онцлов.

Үүний зэрэгцээ сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой гэж тэрбээр мэдээллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ