Сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийн хичээл заадаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-24 19:55:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний цагаан толгой “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд төвийн дөрвөн сургуулийн баг тамирчид оролцон замын хөдөлгөөний мэдлэгээрээ өрсөлджээ. Оролцогч хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн талаарх ойлголт, мэдлэг боломжийн байсан ч яг сургуулийн орчинд замын хөдөлгөөний осол гэмтлээс урьчилан сэргийлэх зорилгоор хийсэн ажлууд дутмаг байсныг аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Л.Ганзориг хэлэв.

Тэрээр “Бид тэмцээний өмнө сургуулиуд замын хөдөлгөөний гэмт хэргийн эсрэг ямар ажил хийсэн байна вэ гэдэгтэй танилцсан. Энэ үеэр зарим сургуулийн ажил үнэхээр хангалтгүй, дутмаг санагдсан. Энгийн жишээ гэхэд сургууль, эцэг эх хоорондын гэрээ байгуулсан гэрээ ямар ч хуулийн заалтгүй, шаардлага хангахгүй байна. Хүүхдүүд тэмцээндээ чадлаараа бэлдээд оролцож болно. Харин сургуулиуд яг тухайн орчиндоо бодит ажлуудыг хиймээр байгаа юм. Манай аймгийн хувьд нэг давуу тал нь хүүхэд өртсөн осол харьцангуй бага байдаг. Гэхдээ бид байнгын сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй. Тиймээс бид замын цагдаа нарын гудамж, зам талбайд ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, мөн хүүхдүүдийн хичээл орох болон тарах цагуудад олон нийтийн цагдаа тогтмол ажиллуулж байна. Одоогоор олон нийтийн дөрвөн цагдаа байгаа ч дахин хоёрыг нэмэхээр болоод байна. Мөн олон жил яригдсан замын гэрлэн дохио,тэмдэглэгээний асуудлыг яаралтайгаар шийдвэрлэхээр болсон. Удахгүй энэ ажил эхлэх байх. Ер нь цаашид сургууль, мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг илүү нягт болгох шаардлагатай. Ингэхийн тулд эхний ээлжинд сургууль бүр хичээл тарахын сүүлийн таван минутанд замын хөдөлгөөний дүрмийн талаар хичээл ордог болж хэвших талаар бид ярилцаж байна. Хичээлийг ангийн багш болоод замын цагдаа хамтран заах юм...” гэв.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ