Америкийн компани “Эм-Эйч 370”-ын эрлийг сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-21 09:45:51
КУАЛА-ЛУМПУР. /Шиньхуа/. Одоогоос гурван жил гаруйн өмнө “Эм-Эйч 370” дугаартай нислэг үйлдэж яваад сураггүй болсон онгоцыг олохын тулд Малайзын Засгийн газар АНУ-ын нэгэн компанитай гэрээ байгуулсан тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Америкийн “Өүшн инфинити” компанийн тавьсан “no find-no fee" буюу “хэрвээ олохгүй бол эрлийн ажиллагаанд зарцуулсан төлбөрөө авахгүй” гэсэн болзол бүхий саналыг Малайзын Засгийн газар хүлээн авсан аж.

Малайзын иргэний агаарын тээврийн “Малайзия Эйрлайнс” компанийн онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд “Эм-Эйч 370” дугаартай нислэг үйлдэж яваад сураггүй болсон юм. Онгоцонд 239 хүн сууж явсан билээ.

Энэ онгоцыг эрж хайн 120 мянган км.кв талбайг самнасан боловч ямар ч ул мөр олдоогүй юм. Эрлийн ажиллагааг энэ оны нэгдүгээр сард зогсоосон билээ. Эрлийн ажиллагааг удирдан явуулсан Австралийн холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, онгоцыг эрж хайхад 200 сая австрали доллар зарцуулсан гэнэ.

Харин “Өүшн инфинити” компани “Эм-Эйч 370”-ыг эрж хайхад хэр их мөнгө зарцуулахаа мэдэгдээгүй байна. Ямартай ч тус компани онгоц осолдсон байх хамгийн өндөр магадлалтай 25 мянган км.кв талбайг самнах ажээ.

“No find-no fee" төрлийн гэрээг гол төлөв их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх бараа бүтээгдэхүүн тээвэрлэж яваад живсэн, сураггүй болсон хөлөг онгоцуудыг эрж хайх зорилгоор хоёр хуулийн этгээд байгуулдаг байжээ. Тухайн хөлөг онгоцыг олж чадвал эрлийн ажиллагаа явуулсан компани хөлөг онгоцны тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүний 80-90 хувийг авдаг байсан гэнэ.

Харин “Эм-Эйч 370”-ыг “Өүшн инфинити” компани олж чадвал эрлийн ажиллагаанд зарцуулсан мөнгө болон шагнал мөнгийг Малайзын Засгийн газар холбогдох улс орнуудтай хамтран гаргаж өгч магадгүй юм гэж салбарын мэргэжилтэн ярьжээ.

Малайзын энэ онгоцонд 14 улс орны иргэн сууж явсан билээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ