Завхан аймаг хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-16 23:38:14
Завхан/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан 2017-2021 онд Завхан аймагтай хамтран ажиллаж "Хүүхдэд ээлтэй орон нутаг" төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж аймгийн удирдлагууд болон хамтарч ажиллах талуудтай уулзалт хийлээ.
НҮБ-аас дэлхийн 192 оронд таван жил тутамд хүүхдэд чиглэсэн хөтөлбөрийг батлан ажилладаг ажээ. 2017-2021 онд хэрэгжих уг хөтөлбөр, төслийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, хүнс тэжээл зэрэг ахуйн болон амьдралын эрүүл аюулгүй өсч өндийж, хөгжихөд шаардлагатай орчныг бүрдүүлэх, боловсролд тэгш хамрагдах, чанартай боловсрол авах, хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгох ажээ. Энэ бүхэнд НҮБ-ын Хүүхдийн сангаас арга зүйн болон техникийн бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, санхүүгийн тодорхой эх үүсвэрээр хангах аж. Энд хамгийн чухал нь тухайн орон нутаг өөрсдийн санаачилгаар хүүхдэд ээлтэй орчныг бий болгоход санаачилгатай хандаж ажиллах нь чухал гэдгийг талууд уулзалтын үеэр онцоллоо.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж  хүүхдийн эрхийг хангах, нийгмийн амьдрал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдүүдээ дэмжих, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, сэтгэлгээг өөрчлөх зэрэг олон чиглэлээр санал бодлоо солилцож хамтран ажиллахаар боллоо. Энэ үеэр Завхан аймгийн хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын удирдлага мэргэжилтнүүдэд "Хүүхдэд ээлтэй орон нутаг, хүүхдэд ээлтэй засаглал" сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтын үр дүнд  төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн бүр хүүхдэд ээлтэй орон нутаг болоход оруулах хувь нэмрээ тодорхойлж,  нэгдсэн ойлголттой болжээ. Өөрөөр хэлбэл төслийн зорилго нь салбар бүрийн оролцоог жигд хангаж цаашид сонгосон сумдад сайн туршлага, загвар бий болгох замаар бусад сум, орон нутагт сайн нөлөөлөл үзүүлэх зорилготой ажээ.
Дашрамд 2002 онд болсон Дэлхийн дээд хэмжээний чуулганаас НҮБ-аас батлан гаргасан Хүүхдийн эрхийн тухай конвенцын үндсэн зорилт, агуулга, зарчмыг гишүүн орнуудад хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх, хүүхэд бүрт хүртээмжтэй байдлаар амьдралд нэвтрүүлэхийн чухлыг онцолж шийдвэр гаргасан байдаг. Энэ хүрээнд дэлхий дахинд хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгоход анхааран ажиллаж байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ