Зам муу байгаа нь цагдаагийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-13 16:17:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагуудын шуурхай зөвлөлгөөний үеэр аймгийн төв дэх хатуу хучилттай замын эвдрэл, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байгаа явдал цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тэдний тайлбарласнаар тус аймагт 19 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ба тэдний 6 мянга гаруй нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог аж. Ийнхүү замын ачаалал өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тул Өлгий хотын хэмжээнд 596 ширхэг замын босоо тэмдэг, 112 газарт явган хүний гарц тавих шаардлагатай болжээ. Дээрх ажлуудыг гүйцэтгэхэд 225 сая төгрөг гарах тооцоо гарсан байна. Иймд уг асуудлыг анхааралдаа авч ажиллахыг аймгийн Засаг дарга А.Гылымханаас хүслээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга аймгийн төвийн замд ач холбогдол өгч ажиллаж байгаагаа илэрхийлж, өмнө нь тавигдсан 6 км замыг хусч шинээр тавих, нэмж 14 км зам барих асуудлыг судлан зураг төсөв хийлгэж байгааг дуулгалаа.

Дашрамд хэлэхэд, Өлгий хот нь баруун бүсийн босоо тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон замтай юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ