Завханы зарим сумдын малчид малаа хямд борлуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Энэ жил Завхан аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг Монгол Улсын хэмжээнд холбогдох албаныхан зарласан билээ. Тэгвэл тус аймаг дахь өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа зарим сумын иргэд малаа маш хямдаар борлуулж эхлээд байна.
Тухайлбал говийн бүсийн сумдын нэг Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сум өнгөрсөн зун, намар зуншлага тааруу байсан бөгөөд ялангуяа Ургамал, Дөрвөлжин сумын Онц, Буурал багийн малчдын мал тарга тэвээрэг муу авсан, туранхай байгаа. Тиймээс ямааг нас харгалзахгүйгээр 40 мянган төгрөг, хонь мөн нас харгалзахгүй 50-60 мянган төгрөгөөр борлуулж буй ажээ. Малаа хямд борлуулж буй ч авах хүн маруухан байна. Туранхай малыг яаж авах билээ гэж малчид халаглаж сууна. Энэ жил ногооны гарц муу, гандуу байсан болохоор намар өвс тэжээл ч хангалттай аваагүй. Зарим үед ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ малаар сольж байгаа. Наймаачид их л дургүй авах юм гэлээ. Өнөөдрийн байдлаар дээрх сумын хэмжээгээр 10000 гаруй хонь, 20000 орчим ямаа, 400 адуу, 500 үхэр зах зээлд зарж борлуулах хэрэгцээ байгаа талаарх судалгаа байна.
Б.Мягмарсүрэн