Э.Бадрал: Агаарын тээврийн урсгал нэмэгдэж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-05 16:52:17
Бээжин /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан агаарын тээврийн урсгал буураад буй. Агаарын тээврийн сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа талаар МИАТ ХК-ний Бээжин дэх Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Э.Бадралтай ярилцав.
-МИАТ ХК-ний Бээжин дэх Төлөөлөгчийн газар анх хэдэн онд байгуулагдаж байв? Одоо ямар бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Анх 1987 онд байгуулагдсан.Одоо ерөнхий менежер, нисэх буудлын менежер, нисэх буудлын туслах менежер, инженер, хоёр билет бичигч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
-Улаанбаатар-Бээжингийн нислэг хуваарийн хувьд улирлаас хамаарч хэрхэн өөрчлөгддөг вэ, долоо хоногт хэдэн нислэг үйлдэж байна вэ?
 -Манайх зунаас бусад улиралд энгийн хувиараар долоо хоногт долоон удаа  харин зуны их ачаалалтай үеэр долоо хоногт 10 удаа нислэг үйлддэг. 
-Хятадын ямар хотуудад  шууд нислэг үйлдэж байгаа вэ? Цаашид шууд нислэгийн чиглэлийг нэмэх боломж бий юу?
- Одоогийн байдлаар БНХАУ-ын Бээжин болон Хонг Конг руу тогтмол шууд нислэг үйлдэж байна.Шанхай хот руу тогтмол шууд нислэгтэй болох боломжийг судалж байгаа.Энэ бол мэдээж зорчигчийн урсгал болон зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалах зүйл. Мөн манай компани хуваарьт бус захиалгат нислэг хийдэг. Энэ хүрээндээ өнгөрөгч 9 дүгээр сард дотоодын аяллын компаниудын захиалгаар Хятадын Чан Ша хот руу хоёр удаа нислэг үйлдсэн. Хятадын алдартай “Шилэн гүүр”, “Аватар” киноны зураг авалт хийсэн газрууд Чан Ша хотоос холгүй оршдог. Үүнийг үзэх хүсэлтэй Монголын жуулчид Чан Шад очдог, эргээд Монголыг үзэх хүсэлтэй Хятад жуулчид Улаанбаатар  руу зорчдог. Сая Хөх хотод болж өнгөрсөн “Монгол-Хятадын экспо-2017” арга хэмжээнд зориулан захиалгат нислэг хийсэн. Мөн шинэ жилийн үеэр Хятадын Хайнан мужийн Санья хот руу нислэг манайхан их зорчдог. Энэ мэт Хятадын бусад хотууд руу захиалгат нислэг хийж байна. Захиалгат нислэгийн бэлтгэл ажлыг манай Төлөөлөгчийн газар хариуцаж ажилладаг.
Бусад орнуудын тухайд энэ зунаас манай компани БНСУ-ын Пусан хот руу  долоо хоногийн хоёр удаагийн давтамжтай шууд нислэг үйлдэж эхэлсэн. Ирэх 11 дүгээр сараас Тайландын Бангкок хот руу долоо  хоногийн хоёр удаагийн давтамжтай шууд нислэг хийхээр төлөвлөж байна.
Хятадын мэргэжил нэгт байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
- Хятадын Иргэний нисэхийн байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг. Нисэхийн зөвшөөрөл авахаас эхлээд ажлын харилцаа их байдаг. Мөн манай компанитай дамжин-өнгөрөх гэрээтэй "United Airlines", "Hainan Airlines", "Air China" зэрэг олон компани бий. Зорчигчид манай МИАТ-ийн тийзэн дээр манайхтай гэрээтэй ажилладаг компаниудын тийзийг хямдралтай нөхцлөөр худалдан авах, тээшээ эцсийн зогсоол хүртлээ бүртгүүлэх боломжтой. Хонг Конгийн хувьд манайх "Cathay Pacific Airways" компанитай код-хуваах гэрээ хийсэн. Ингэснээр УБ-Хонг Конг руу нисээд Хонг Конгоос цаашаа Зүүн Өмнөд Ази, Австрали руу "Cathay Pacific Airways"-ийн онгоцоор ОМ кодтой нисэх боломжтой. Өөрөөр хэлбэл зорчигчид Улаанбаатараас Австрали хүртэл нэг тийзэн дээр хямд үнээр дамжин явах билет авч байна гэсэн үг. Үүний давуу тал гэвэл хямд үнэтэй, тээшээ шууд Австрали хүртэл бүртгүүлэх учраас дамжин явахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй гэх зэргээр зорчигчдын ая тухтай байдлыг хангаж байгаа юм.
-Бээжин-Улаанбаатарын тасалбарын үнэ, Улаанбаатар-Бээжинг бодвол илүү өндөр үнэтэй байдаг. Яагаад хоёр талын билетийн үнэ ялгаатай байдаг юм вэ? Билетийн үнийг буулгах боломж бий юу?
-Нислэг хийхэд маш их зардал шаардагддаг. Түлш, газрын үйлчилгээний зардал гээд . Тийм болохоор үнийн хувьд уян хатан байх боломж багатай байдаг. Манайхан үүнийг сайн ойлгодоггүй. Бид хамгийн боломжтой хувилбараар үнээ тогтоодог. Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжинг бодвол 700 орчим юаниар илүү үнэтэй. Нислэгийн компаниуд ер нь тухайн хот, улсын амьжиргааны өртөг, эдийн засгийн бусад хүчин зүйлүүд, бусад нислэгийн компаниудын үнэ зэрэгтэй уялдуулж үнэ тогтоодог. Зорчигчид хямд билет авъя гэвэл Улаанбаатараас хоёр талдаа бичүүлэх хэрэгтэй.
-Эдийн засгийн хямралтай холбоотой сүүлийн жилүүдэд зорчигч, агаарын тээврийн урсгал тааруу байгаа гэсэн үнэн үү? Одоо байдал ямар байгаа вэ, зорчигчийн бүтцийн хувьд?
- 2017 он бол Агаарын тээврийн хувьд сайн жил болж байна. Зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа. Зуны нислэгийн үеэр манай улс руу аялж буй жуулчид өмнөх онтой харьцуулбал нэмэгдсэн.Зуны нислэгүүд тогмол 80-90 хувийн дүүргэлттэй байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засагтай холбоотой агаарын тээврийн урсгал тааруу байсан ч 2016 оноос эхлээд сэргэж эхэлсэн гэж үзэж байна. 2016 онд УБ-Бээжингийн чиглэлийн агаарын тээврийн урсгал 4 хувийн өсөлттэй байсан гэсэн үзүүлэлт гарсан. Энэ оны хувьд өмнөх онтой харьцуулахад 5-7 хувийн өсөлттэй  гэсэн урьдчилсан тооцоо гарсан.Бүтцийн хувьд зуны улиралд гадаадын зорчигчид 60-70 хувийг эзэлдэг. Монголын зорчигчид өвлийн улиралд гадагшаа явах урсгал нэмэгддэг. Барууны орнуудын жуулчид дийлэнх хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд Хятадын жуулчид, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бизнес, ажил хэргийн зорилгоор Монгол руу зорчих нь нэмэгдсэн. Жишээлбэл, 2016 онд Хятадын 1700 гаруй жуулчин группээр манай улс руу зорчсон.
-Агаарын ачаа тээврийн урсгал ямар байна вэ? Голдуу ямар төрлийн бараа тээвэрлэж байна вэ?
- 2012 он бол ачаа тээврийн хувьд хамгийн сайн үзүүлэлттэй байлаа.Үүнээс хойш сүүлийн жилүүдэд эдийн засагтай холбоотой ачаа тээвэр тогтмол буурч байгаа.Тээвэрлэж буй барааны төрлийн хувьд янз бүр байдаг. Манай компани 2016 оны 9 дүгээр сараас Хятадын "China Post, EMS"-ийн Монгол руу дамжин явж буй шууданг тээвэрлэж эхэлсэн.Энэ нь манай ачаа тээвэрт тодорхой хэмжээгээр үр дүнтэй байгаа.Өдөр тутам ямар нэгэн хэмжээгээр шуудан явж байна.
Манай Төлөөлөгчийн газар Бээжин-УБ чиглэлд “аюултай ачаа” тээвэрлэх зөвшөөрлийг авахаар хөөцөлдөж байна. 2018 оноос тээвэрлээд эхлэх байх гэж бодож байна.“Аюултай ачаа” гэдэг нь 9 ангилалтай байдаг. Манайх хамгийн аюул багатай, боломжтой ачааг тээвэрлэхээр төлөвлөж байна.
-Нислэгийн үед цаг агаарын байдлаас хамаарч олон цагаар саатдаг.Энэ үед зорчигчид их бухимддаг. Иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс танай Төлөөлөгчийн газар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Цаг агаарын байдлаас хамаарч нислэг олон цагаар саатах тохиолдолд манай компанийн зүгээс зорчигчдын ая тухтай байдлыг хангах үүднээс буудал болон хоол хүнсний зүйлээр хангадаг. Нисэх буудлын ойролцоох зочид буудлуудтай байнгын гэрээтэй ажилладаг. Онгоц саатсан тохиолдолд бид урьдчилан бэлтгэл ажлуудаа хангадаг.
 
 
А.Анхбаяр
Холбоотой мэдээ