Лас-Вегасын "алуурчин" С.Пэддок гэгч нь мэргэжлийн мөрийтэй тоглоомчин байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-03 08:36:50
ЛАС-ВЕГАС. /Америкийн дуу хоолой/. Америкийн Лас-Вегас хотод өнгөрсөн ням гарагийн орой кантри хөгжмийн наадмын үеэр болсон халдлагын улмаас амиа алдагсдын тоо 59 болж нэмэгдээд байна гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Лас-Вегасын төвд зочид буудал болон казино байдаг дүүрэгт ням гарагийн 22:00 цагийн үед уг халдлага болсон байна. Халдлагын үеэр мөн 527 хүн хүнд, хөнгөн шархаджээ. Уг халдлага болох үед тухайн газарт 20 мянга орчим хүн байсан аж.

Халдлагыг үйлдсэн, Невада муж улсын Мескит хотын уугуул 64 настай Стефен Пэддок гэгч нь  нисгэгчийн болон ан агнуур хийх тусгай зөвшөөрөлтэй нэгэн байжээ.

Гэмт этгээд “Мандалай Бэй” зочид буудлын өрөөнд амиа хорлосон байсан гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Тэрбээр тус зочид буудалд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас хойш байрлаж байсан байна. Түүний өрөөнөөс 10 гаруй гар буу болон бусад төрлийн зэвсэг олджээ.

Тэрбээр нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд чинээлэг амьдарч байжээ. Гэхдээ хөршийнх нь ярьснаар, гэмт этгээд нь мэргэжлийн мөрийтэй тоглоомчин байсан гэнэ.

АНУ-ын холбогдох албаны хүн мэдэгдэл хийхдээ “С.Пэддок гэгч нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан байж магадгүй” гэв.

Энэ халдлага нь АНУ-ын орчин цагийн түүхэнд галт зэвсгээр хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг болж байна.  Үүний өмнө 2016 оны зургадугаар сард Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газарт нэгэн зэвсэгт этгээд 49 хүнийг буудан хөнөөж байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, С.Пэддокийн эцэг Патрик Бенжамин Пэддок нь банк дээрэмдэж, Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад орж байсан бөгөөд шоронгоос нэг удаа оргож байжээ. Тэрбээр мөн “сэтгэцийн эмгэгтэй” нэгэн байжээ.

Олон хүнийг буудан хөнөөснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс зэмлэн буруушааж, “Энэ бол цэвэр ад зэтгэрийн хорлол” гэжээ. Д.Трамп хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр маргааш Лас-Вегаст очих ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ