"Бүргэдийн баяр"-т ирэх жуулчдын тоо хоёр дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-02 11:41:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын Бүргэдчид Холбооноос аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт "Бүргэдийн баяр"-ыг 18 дахь удаагаа  зохион байгууллаа. Уг арга хэмжээнд тус аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцлоо.

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлон ажиллаж байгаа аж. Энэ удаагийн арга хэмжээний ач холбогдлыг аймгийн Засаг дарга А.Гылымхан: "Баян-Өлгийчүүд "Бүргэдийн баяр"-ыг 1999 оноос аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ арга хэмжээ өргөжин тэлсээр өнөөдөр хөрш зэргэлдээ аймгууд, Улаанбаатар хот болон дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж сонирхдог томоохон баяр болсон байна. Казахын ард түмний энэхүү нандин уламжлалыг Монголын төр засаг үргэлж дэмжиж, 2010 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм. Мөн 2016 онд БОАЖЯ-наас шилдэг эвент арга хэмжээгээр шалгарууллаа. Тус баяр нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, түүнийг даган үйлчилгээ, гар урлал, бэлэг дурсгал, хатгамал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж байгаа" хэмээн онцоллоо.


Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орноос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнольд тэргүүтэй 1200 орчим жуулчин ирж сонирхжээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт аж. Гадаадын иргэд Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин соёлын талаарх сэтгэгдлээ дараах байдлаар илэрхийлж байлаа.


Витория Рокелли /Итали/

"Монголд анх удаагаа ирж "Бүргэдийн баяр"-т оролцож байна. Өөрөө малын эмч мэргэжилтэй. Адуу малтай ойрхон байдаг. Сүүлийн арван жилийн турш хурдан морины эмчээр ажиллаж байна. Моринд их дуртай. Италийн жуулчин Марко Пологийн тэмдэглэлд Алтайн ард түмэн бүргэдээр ан хийдэг хэмээн тэмдэглэснийг уншиж байсан. Харин  Бүргэдийн баярын тухай интернетээс ол мэдээд зорьж ирлээ. Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, казахын ард түмний өвөрмөц соёл, зочломтгой ёc таалагдсан. Баярын арга хэмжээ зохион байгуулалттай сайхан болж байна".  



Фоа Сун /Автрали/

"Би Австрали улсаас ирсэн. Өмнө нь Бүргэдийн баярыг анх интернетээс хараад заавал очиж үзнэ гэж өөртөө амалж байсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Бүргэдийг гаршуулан дасгаж, ан агнуулах нь өөрөө гайхалтай урлаг юм. Түүнчлэн нутгийн иргэдийн аж амьдрал, зан заншил үнэхээр гоё мэдрэмж төрүүллээ. Хүмүүс энэ гайхамшгийг өөрийн нүдээрээ ирж үзээсэй гэж бодож байна. Ийм сайхан онгон дагшин байгальтай, аугаа их уламжлал, түүхтэй Монголын ард түмнээр бахархаж байна".



Эржихан Гилари /Турк Улс/

"Бүргэдийн баяр" фестивальд Турк улсаас ирж оролцох завшаан тохиолдсонд маш их баярлаж байгаа. Юуны өмнө энэ сайхан урлаг, соёлыг хадгалан хамгаалж байгаа бүргэдчдэд, мөн арга хэмжээг зохион байгуулагчдад талархаж байна. Их Хааны гал голомт Монгол оронд хоёр дахь удаагаа ирж байна. Харин Бүргэдийн баярт анх удаагаа оролцож байгаа. Энэ олон анчин бүргэдчид, тэнгэрийг эзэгнэсэн бүргэдийг харж хийморь сэргэж байна. Манай оронд морь унадаг ч гартаа бүргэдээ суулгасан морьтой анчин эрсийг анх удаагаа л харж байна. Энэ талаар найз нартаа хэлж, гайхамшигт Монгол орноор аялахыг санал болгоно гэж бодож байна.


Баярын үеэр түүхийн ухааны доктор Х.Едилханы "Бүргэдчин" номын нээлт болж, урианхай сурын харваа, морьт харваа, мөнгө шүүрэх, тулам булаах, бүргэдчний хувцас, бүргэд болон морины тоног хэрэгсэл шалгаруулах тэмцээн, тэмээн уралдаан зэрэг арга хэмжээнүүд явагдлаа. Мөн бүргэдчид бүргэдээ гаршуулан дасгасан байдал, ан агнахад сургасан байдлыг сорих тэмцээнд Сагсай сумын 4 дүгээр багийн бүргэдчин Дамысын Арман тэргүүн байранд шалгарлаа.

Дашрамд дурдахад, дэлхий дээрх шувуугаар ан хийлгэдэг цөөхөн үндэстний нэг нь казахууд юм. Казахууд эртнээс байгалийн хүчит махчин шувуудын зан авирыг судлан эзэмшиж,  бүргэдийг ан агнахад сургадаг уламжлалт заншил тогтоожээ. Казах түмэн бүргэдийг "Ахиых", "Хыран" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь цагаан мөрт, хар хүчтэн гэсэн утгатай юм. Бүргэдийг гаршуулж ан агнах уламжлал төв Азид 6000 мянган жилийн өмнө үүссэн талаар эрдэмтэд бичжээ. Сүүлдээ энэ  арга Европын улс орнуудад нэвтэрчээ. Мөн XIII зууны үеийн түхэн судруудад Чингис хааны үед ч бүргэдээр ан хийдэг тухай тэмдэглэсэн байдаг байна.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ