Туслах аж ахуй нь хүүхдийн материаллаг баазыг бүрдүүлэхэд дэмжлэг болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-03 12:14:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Бүжинхэн” 1-р цэцэрлэгийн хамт олон хүүхдийг хөгжүүлэхэд орчин маш чухал хэмээн үзэж хүүхдүүдийнхээ сурч хүмүүжих таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа ажээ. 
Өнөөдөр тус цэцэрлэг 20 багш ажилчинтайгаар 100 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Тус хамт олон 2017 оны ажлаараа сумын шилдэг байгууллагаар шалгарсан амжилттай ажиллаж байгаа ажээ. 2018 онд цэцэрлэгийн 50 жилийн ой болох учраас ойн хүрээндээ багагүй бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байгаа хэмээн ахлах бүлгийн багш Б.Мэндсайхан хэллээ. Тухайлбал аймгийн хөрөнгө оруулалтаар гадна хашаагаа шинэчилж, сумаас модон материалын туслалцаа үзүүлсэний хүчинд цэцэрлэгийнхээ гадаа хоёр сүүдрэвч, гулгуур, тоглоомыг өөрсдийнхөө хүчээр хийж, хүүхэд тоглох гадна талбайнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлжээ. Ийнхүү орчноо сайжруулахын зэрэгцээ хүүхдийг хөгжүүлэхэд анхаарч хөгжих бололцоогоор нь хангахын төлөө олон шинэ шинэлэг ажлуудыг хийж байгаа гэнэ. Тодруулбал хүүхдүүддээ зориулсан туршлагын талбайг бий болгон орон нутагтаа тохирсон хөтөлбөрөөр хичээл явагддаг онцлогтой юм байна. Энэ талбайдаа бяцхаан хүнсний ногоо тариалаад түүнийгээ арчилж хамгаалах, хоол хүнсэндээ хэрхэн хэрэглэхийг хүүхдүүддээ зааж сурган шинэ мэдлэг олгон хэвшүүлж байгаа аж. “Бүжинхэн” 1-р цэцэрлэгийн бусдаас ялгарах нэг давуу чанар нь зөгийн аж ахуй эрхэлдэгт оршино. Багш, ажилчид цэцэрлэгтээ нэг нэг бүл зөгий хандивлаж нийтдээ 8 бүл зөгийтэйгээр зөгийн аж ахуйгаа эхэлсэн байна. Энэ аж ахуйгаа туслах багш н.Бадамцэцэг хариуцан ажилладаг аж. Тэрээр зөгийн мэргэжлийн хүн юм. Одоо эдний 8 бүл зөгий үржээд 15 бүл зөгий болжээ. Энэ намар тус хамт олон зөгийнөөсөө 8 кг бал хураан авсан байна. Үүнийгээ хүүхдүүдээ витаминжуулах, чийрэгжүүлэхэд хэрэглэдэг гэнэ. Мөн багш, ажилчдын гараар тарьсан цэвэр байгалийн ногоогоогоо хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд хэрэглэж заншжээ. Энэхүү туслах аж ахуй нь хүүхдийн материаллаг баазыг бүрдүүлэхэд ч дэмжлэг болдог учраас тус хамт олон сэтгэл хангалуун байдаг байна. Мөн бүлэг бүр ёс заншлын,  урлангийн гэх мэтээр өөр өөрийн өргөө байгуулж эхлээд байгаа гэсэн. Шинэ хичээлийн жилээс хүүхдүүдээ дагнасан, онцлог онцлогт нь тохирсон хэлбэрээр сургалт зохион байгуулахаар зорьж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ