Дэлхийн шилдэг бүтээлүүд болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-09-27 14:35:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жил, Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулан удахгүй нээлтээ хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжим ирэх сарын 05-нд Корпорэйт зочид буудлын Конвэйншн концертын танхимд эгшиглэнэ.
Хурдан морь унаач гурван хүүгийн тухай өгүүлэх уянгын сэдэвтэй тус уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор СТА, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ажиллажээ. 
Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эний хэсэгт үзэгчдийн сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох “The good the bad and the ugly”, “Pearl Harbor”, “Terminal”, “Malena”, “Playing love”, “Алтан өргөө”, “Pirates of the Caribbean”, “Аравт”зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар нийт 10 зохиолоос бүтсэн тус киноны хөгжмийг сонсох боломжтой. Хөгжмийг эл кинонд Морин хуурын чуулга дангаараа тоглосон бол энэ удаад Улсын Филармонийн Симфони найрал хөгжимтэй хамтарч СТА, удирдаач Д.Нямдаш, Д.Түвшинсайхан, Б.Батбаатар, Б.Анар нарын удирдлагаар толилуулах юм.
Тасалбарыг Филармонийн кассаар болон цахим худалдааны https://www.ticket.mn/event/date/772/ сайт, EMart, Hifi records, Shangri La Mall-н ticketbox-р худалдаалж байна. 200 гаруй уран бүтээлчийн хөгжмөөр дамжин үзэгчдэд хүрэх сэтгэлийн хөг эгшиг, гэрэл гэгээт аялгуунд саатахыг зохион байгуулагчид нь урьж байна.

Ж.Болор
Холбоотой мэдээ