К.Роналду сүй тавьсан уу?

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2017-09-20 14:12:27
ЛИССАБОН. /Хэлоу/. Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду сүй тавьсан уу? К.Роналду болон түүний  найз бүсгүй болох Испанийн загвар өмсөгч Жоржина Родригес нарыг сүй тавьсан байж магадгүй гэж хөгжөөн дэмжигчид нь таамаглаж байгаа тухай мэдээ оддын амьдралын талаар бичдэг “Хэлоу!” сэтгүүлд гарчээ.

Саяхан Португалын нийслэл Лиссабон хотод болсон хөл бөмбөгийн тэмцээнийг тэд хамтдаа үзжээ. Энэ үеэр Ж.Родригесын зүүн гарын ядам хуруундаа зүүсэн алмаазан шигтгээтэй бөгж олны нүдийг хужирласан байна. Алмааз судлаач Дэвид Аллены мэдэгдсэнээр, энэ бөгж нь багаар бодоход 150-200 мянган фунт стерлингийн үнэтэй бололтой.

Энэ төрлийн бөгжийг дэлхийн алдартнууд, тухайлбал алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкемийн эхнэр Виктория Бэкем, Америкийн поп од Бейонсе, телевизийн реалити шоуны од бөгөөд загвар өмсөгч Ким Кардашян зүүдэг гэнэ.

Удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй 32 настай К.Роналду, 23 настай Ж.Родригес нар сүйн бөгжтэй холбоотой цуурхлын талаар хараахан ам нээгээгүй байна. Тэд одоогоос нэг жилийн өмнө Мадрид хотод болсон “Дольче & Габбана” загварын шоуны үеэр танилцаж байжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ