Борлуулах зорилгоор Дундговь аймгаас авч ирсэн малыг буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-09 17:09:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Луус сумаас мал тээвэрлэн ирж зарж борлуулах гэж байсан үйлдэл илэрчээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хаданд Дундговь аймгийн Луус сумаас зарах зорилгоор 20-н бага малыг авч ирсэнийг саатуулсан байна.

Тус багийн идэвхтэн байгаль хамгаалагч Ш.Жанцан үүнийг илрүүлж, "Хан жавхлант" мал эмнэлэгийн малын их эмч Л.Сайнхүү, багийн Засаг дарга С.Батбилэг, МЭҮТ-ийн мэргэжилтэн М.Сүглэгмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь очиж, холбогдох арга хэмжээг авлаа гэж Ханбогд сумаас мэдээллээ. 

Дундговь аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Аймгийн Засаг даргын захирамжаар малын шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1-р сарын 1-ийг хүртэл хориглосон юм. Гэтэл халдварт өвчин гарсан нутгаас мал тээвэрлэж, улмаар зарж борлуулах гэж байсаныг ийнхүү таслан зогсоож сонор сэрэмжтэй ажилласан байна. Аймгийн МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу уг борлуулах зорилгоор авч ирсэн малыг нутагт нь буцаасан ажээ. Эдгээр мал нь гарал үүслийн бичиг зөрчилтэй байсан бөгөөд газар дээр нь эрүүл мэндийн гадны үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй гэнэ. 
 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ