Оюутнуудад цэргийн анхан шатны мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-06 16:40:17

Их, дээд  сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох зорилготой цэргийн бэлтгэл сургалт явуулах “Цэргийн тэнхим”-ийг Монголын Үндэсний их сургуульд байгууллаа.

”Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж тусгасны дагуу энэхүү төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гараагаа эхэлж буйгаараа онцлогтой.

БХЯ-наас цаашид бүх их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ тодорхой хувь нэмрээ оруулах юм.

БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс “Цэргийн эрдмийн тэнхим”-ийн сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлж сургалтын үзүүлэн таниулах материал хэрэгсэл, ном, сурах бичгээр хангаад байгаа аж. Монголын үндэсний их сургуулийн бүх оюутнууд энэ тэнхимээр дамжин цэргийн анхан шатны мэдлэгийг эзэмших юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ