В.Путин: Умард солонгосчууд өвс идэж байсан ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-05 17:34:40
СЯМЭНЬ. /Xinhua/. Умард солонгосчууд өвс идэж байсан ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй учир цаашид Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ аваад “ямар ч нэмэргүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.

Өнгөрсөн ням гарагт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барихаар төлөвлөж буйгаа даваа гарагт АНУ мэдэгдсэн юм.

Өнөөдөр Хятадын Сямэнь хотноо болсон БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын удирдагчдын уулзалтын үеэр В.Путин үг хэлэхдээ “Цэргийн  ажиллагаа явуулах нь дэлхий нийтийг гамшигт нэрвэгдүүлж болзошгүй. Дипломат арга буюу яриа хэлэлцээ хийх нь л асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв арга зам. Чанга хатуу хориг арга хэмжээ авснаар Умард Солонгосын олон сая энгийн номхон иргэнийг л зовлонд унагаана.  Тиймээс хориг арга хэмжээ авахаа  зогсоож, холбогдох бүх улс орон яриа хэлэлцээний ширээний ард суух хэрэгтэй” гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ