А.Ром Казахстаны "Спортын хүндэт зүтгэлтэн" боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-05 10:10:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Биеийн тамир, спортын газрын нийтийн биеийн тамирын арга зүйч Ауесханы Ром Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны сайдын тушаалаар "Спортын хүндэт зүтгэлтэн" цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрээр Казахстан Улсын нийслэл Астана хотод болж буй  "ЭКСПО-2017" Олон улсын үзэсгэлэн худалдааны хүрээнд саяхан зохион байгуулагдсан казахын ард түмний үндэсний тоглоом болох морин дээрх барилдаан /аударыспах/, тулам булаалдах /көкпар/-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монголын баг тамирчдыг бэлтгэн оролцуулсан юм. Америкийн Нэгдсэн Улс, Бүгд найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар, Турк, Монгол, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг 10 орчим улсын баг тамирчид оролцсон дээрх тэмцээнүүдээс манай тамирчид морин дээрх барилдааны төрлөөр мөнгө, хүрэл медаль, тулам булаалдах төрлөөр шагналт тавдугаар байрт тус тус шалгарсан аж.

А.Ром нь 2011 оноос казахын ард түмний үндэсний спортыг  хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бөгөөд Дэлхийн Нүүдэлчдийн Үндэсний Спортын Холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг байна.   

Ө.Нурболат

Холбоотой мэдээ