Гүнж Мако сүй тавьж буйгаа албан ёсоор зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2017-09-04 17:27:25

ТОКИО. /BBC/. Японы эзэн хаан Акихитогийн ач нарын хамгийн ахмад нь болох гүнж Мако их сургуульд хамт сурдаг нэг курсын оюутан залуу Кэй Комүротой албан ёсоор сүй тавьж буйгаа зарлалаа.

Токио дахь Акасака ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сүй тавих тал дээр эзэн хаан Акихитогийн зөвшөөрлийг авч чадсандаа Мако болон Комүро нар баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэд хоёул 25 настай ажээ. Хосууд 2012 онд Токиогийн Олон улсын христийн шашины их сургуульд оюутан байхдаа анх танилцсан бөгөөд 5 жилийн турш үерхсэн байна.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн 5 дугаар сарын дундаас эхлэн хосуудын талаар шуугиж эхэлсэн бөгөөд Гүнж Мако сүй тавих гэж байгаа нь япончуудын хувьд томоохон үйл явдал юм.

Сүй тавих талаарх албан ёсны зарыг 7 дугаар сард гаргахаар төлөвлөж байсан ч Япон улсын баруун өмнөд нутагт нүүрлээд байсан хүчтэй аадар борооны улмаас хойшлуулсан байсан юм. Гүнж Мако нь Токиогийн музейд судлаач хийдэг бол Комүро нь хууль зүйн фирмд туслах ажилтан бөгөөд одоогийн байдлаар бизнесийн хуулийн чиглэлээр магистрийн зэрэгт сурч байгаа аж. Мако нь Эзэн хааны титмийг залгамжлах ханхүү Нарухитогийн дараа орох Японы эзэн хааны хоёр дахь хүү, ханхүү Акишиногийн том охин юм.

Макогийн уг гэрлэлт нь эмэгтэйчүүд хааны удмын бус хүнтэй гэрлэсний улмаас өөрийн ихэс дээдсийн байр сууриа алдах, хоёрдугаар зэргийн төрөл саданг хүлээн зөвшөөрдөггүй хааны гэр бүлийн 1947 оноос хойш дагаж мөрдөж ирсэн хуулийг дахин шинэчлэхэд хүргээд байгаа аж.

Х.Сарнай


Холбоотой мэдээ