АНУ Умард Солонгост "томоохон цэргийн хүч"-ээр хариу барина гэж анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:10:58

ЦАГААН ОРДОН. /VOA/. АНУ, АНУ-ын эзэмшлийн Гуам арал болон түүний холбоотнуудад Пхеньян аюул учруулвал бид Умард Солонгосын эсрэг “томоохон цэргийн хүч”-ээр хариу барих болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис анхаарууллаа.

Умард Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийснээ буюу устөрөгчийн бөмбөг туршсанаа өчигдөр зарласны дараа Ж.Маттис, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ерөнхийлөгчийн зөвлөхүүд Цагаан ордонд хуралджээ.

Уг хуралдааны дараа Пентагоны тэргүүн Ж.Маттис сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ-д өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалах бүрэн боломж бололцоо бий. АНУ-д , АНУ-ын эзэмшлийн газар нутгууд, тэдгээрийн дотор Гуам аралд, мөн манай холбоотнуудад ямар нэгэн байдлаар аюул учруулвал бид цэргийн хүчээр хариу барих болно. Гэхдээ Умард Солонгосыг “бүрэн устгах” нь бидний гол зорилго биш учраас Пхеньян цөмийн зэвсгээс татгалзана гэдэгт найдаж байна” гэжээ.

Зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн Умард Солонгосын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг ямар хариу арга хэмжээ авахыг хэлэлцэхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдаан хийх аж.

Умард Солонгостой бизнесийн харилцаатай ямар ч улстай манай улс худалдаа хийхээ зогсоож магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөн анхааруулжээ.


Чухам юу болсон бэ?


Умард Солонгос урьд урьдын цөмийн туршилтуудаа хийж байсан газар орчимд газар хөдлөлт боллоо гэж газар хөдлөлт судлаачид ням гарагийн үдийн үед мэдэгдсэнээр Пхеньян ээлжит цөмийн туршилтаа хийсэн байж магадгүй гэж холбогдох улс орнууд мэдэгдэж эхэлсэн юм.

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, Умард Солонгосын “Пунгери” цөмийн туршилтын талбай орчимд 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт боллоо гэсэн мэдээлэл гарсны дараа Японы Сангийн сайд Таро Коно мэдэгдэхдээ “Умард Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн нь эргэлзээгүй.Энэ бол “уучилшгүй” хэрэг” гэсэн юм.

Үүний дараа Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Энэ бол газар хөдлөлт биш. Манай улс өнөөдөр зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа амжилттай хийлээ. Алсын тусгалтай баллистик пуужинд суурилуулан харвах боломжтой устөрөгчийн бөмбөгийг бид амжилттай туршсан” гэсэн билээ.



Устөрөгчийн бөмбөгний хажууд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун зогсож буйг харуулсан зургуудыг тус улсын төв телевиз мөн харуулсан юм.



Устөрөгчийн бөмбөг нь атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хүчтэй аж.

Өмнөд Солонгосын шинжээчдийн мэдэгдсэнээр, Умард Солонгосын өчигдөр туршсан бөмбөгний хүчин чадал нь 1945 онд Хирошима хотыг сүйрүүлсэн АНУ-ын атомын бөмбөгнөөс арай бага буюу 10 килотонн байжээ.

 

Г.Доржханд

Холбоотой мэдээ