Улиастайн иргэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-28 18:16:58
Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастайд Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийг  Улиастай сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын хэсгийнхэн зургаан багийн иргэдэд энэ сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Жаргалант, Чигэстэй, Товцог багуудын 160 гаруй иргэн хуулийн төсөлтэй танилцан саналын хуудсаар санал өгөөд байна.  Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв тус бүрийн танилцуулгыг төсөл хэлэлцүүлэгч багийнхан хийж иргэдэд мэдээлэл хүргэжээ.

Тухайлбал Улсын Их Хурлын зарим заалт, хэсгийг өөрчлөх болсон үндэслэл, шаардлагын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан. Харин төслийн заалтад Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж тусгасан байгаа.  Ингэснээр Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, хяналтын эрх мэдлийг бодитоор өргөжүүлэх, хууль бүтээх ажиллагааны чанарыг сайжруулна гэж үзэж байгаа юм байна. Хэлэлцүүлэгт ирж суугаагүй ч зарим иргэд өөрсдийн саналыг Багийн Иргэдийн хөгжлийн төв дээр ирж санал өгсөн байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ