Завханд худаг уст цэгийн тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-21 18:04:28
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг бодлогоор худаг уст цэгийн тоог нэмэгдүүлэх олон талын үйл ажиллагааг явуулж байгаа. Тухайлбал энэ жил Мерси кор олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Шилүүстэй, Алдархаан  сумдад  шинээр хоёр худаг, гурван суманд гурван худгийг сэргээн засварлаж хүлээлгэн өгөөд байна. 

Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны  үндсэн чиглэлд тусгагдсан нэг худгийг  орон нутгийн хэрэгцээг харгалзан  Шилүүстэй суманд шинээр нэмж гаргаад байна. Түүнчлэн Дөрвөлжин, Ургамал сумдад салбар яамны төсвөөр хоёр худаг шинээр гаргахаар гэрээ хэлцэл хийгдсэн ба ажлыг гэрээний хугацаанд дуусгахаар ажиллаж байна. Харин шинээр худаг ус өрөмдөх ажлыг аймгийн Тэсийн бүрд”ХХК Эрдэнэхайрхан, Завханмандал, Сантмаргаз, Алдархаан сумдад зургаан худаг гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд  нийт 818 уст цэгтэй, үүнээс инженерийн хийцтэй худаг 379, үлдсэн 440 нь богино яндант болон энгийн уурхайн худаг байна. 
Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Завхан аймагт хуваарилагдсан эх үүсвэрийн 20,0 сая төгрөгийг нэн шаардлагатай цэгүүдэд байрлалтай худгуудын засварт зарцуулахаар шийдвэрлээд буй ажээ. 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ