Малын эрүүл мэндийг сайжруулах төслийн хэрэгжилтэд малчид сэтгэл дундуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 15:44:48

“Арева Монгол” компанийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаянгийн малчдын малыг эрүүлжүүлэх  “Малын эрүүл мэндийг сайжруулах, хянах” төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг ардаа орхижээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компаниас хэрэгжүүлж буй төслийн явцын мэдээллийг сонсох, цаашид анхаарах асуудлын тухай  төрийн зарим байгууллага болон малчид, төслийн нэгжийн хамтарсан уулзалт Сайншанд хотод болов. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн  мэдээлснээр  энэ  хугацаанд 411 дуудлагад явж зарим малаас дээж материал авч шинжилгээнд явуулсан байна. Гэвч дөрөвдүгээр сард малчны хотноос авсан дөрвөн гажиг төлийг одоо болтол шинжлүүлээгүй хөргөгчид хадгалсан, шинжлүүлэх лаборатори хайж цаг алдсан гээд төслийн нэгжийн хариуцлагагүй үйл ажиллагааг малчдын төлөөлөл шүүмжилсэн юм. Мөн сум аймгийн МЭҮТ болон Мал эмнэлэгтэй  харилцан уялдаатай ажилладаггүй, хийж буй ажлынхаа  мэдээллийг солилцдоггүй, улирал хагас жилээр тайлан мэдээллээ хүргүүлдэггүй байдал нь төслийн үйл ажиллагаа хэрхэн  хэрэгжиж буйн нотолгоо гэж хуралд оролцогсод дүгнэв. Тиймээс  төсөл хэрэгжүүлэх гэрээнд орон нутгийн санал, хамтын ажиллагааг хэрхэн тусгасан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,төслийн нэгж орон нутгийн байгууллага, ард иргэдэд үйл ажиллагаагаа нээлттэй явуулах мэргэжлийн байгууллага болон төслийн нэгжийн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг олон саналыг гүйцэтгэгч байгууллагад хүргүүлж Дорноговь аймгийн ИТХ-д нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа  албан ёсоор тавихыг санал болголоо. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ