Баян-Өлгийд бэлчээрийн 32 хувь нь гантай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-08 14:52:13
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн нийт бэлчээрийн 20 хувь нь хэвийн ургацтай,  48 хувь нь гандуу, 32 хувь нь гантай байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Иймээс өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарч, хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх, оторт гарах малын тоо, бүсүүдийг тогтоох ажлууд зохион байгуулж байгаа аж. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ жил аймгийн хэмжээнд 2,3 сая мал өвөлжиж, хаваржина гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга А.Тогтау "Ирэх өвөл нэлээн хатуу, бэлчээрийн өвсний гарц муу, тэжээлийн хангамж хомс байгаа учраас мал нядлах, мах бэлтгэх ажлыг түлхүү зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Одоогоор 659 000 толгой малыг нядлах шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ талаар махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй ярьж, компаниудыг улсын нөөцийн мах бэлтгэх квотод хамруулах ажлыг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавиад байна. Мөн сумдаас авсан судалгаагаар 500 мянган толгой мал өөр аймгийн нутаг, тусгай хамгаалалттай газар, хилийн зурваст оторлох шаардлагатай байгаа. Тийм учраас хөрш аймгийн удирдлагууд, холбогдох яам, газруудаас зөвшөөрөл авах ажлыг зохион байгуулж байна" гэв.

Тус аймагт уулын хадлан энэ сарын 1-ээс эхэлсэн бол иргэд голын хадланд ирэх долоо хоногоос буух юм. Албаны хүний өгсөн мэдээгээр энэ жил хур тунадасны хэмжээ бага, гол, горхины ус татарсан учраас хадлангийн гарц өнгөрсөн онуудтай харьцуулахад муу байгаа ба аймгийн хэмжээнд 63050 тн хадлан бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн жилд бэлтгэсэн хадлангаас 2275 тн-оор бага үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан өөр газраас хадлан бэлтгэх, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт ханджээ.

Мөн бэлчээрийн бодит байдалд дүгнэлт хийх зорилгоор энэ сарын 15-аас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар хамтран ургацын гарцыг тогтоох ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ