Улаангом-Тосонцэнгэлийн автозамын шороон далан эвдэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-08-03 11:47:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Малчин сум, Баянмандал багийн “Хар тэрмэс”гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т энэ сарын нэгний өдрийн 08-22 цагийн хооронд бороо орж үер буусны улмаас Улаангом-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай автозамын шороон далан эвдэрчээ.

Тус чиглэл зам нь хатуу хучилттай бөгөөд шороон далан үерийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан тухай дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 10:25 цагт онцгой байдлынхан хүлээн авсан байна.

Ингээд аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 3 автомашин, “Увс-АЗЗА” ХХК-ийн 9 ажилтан, дугуйт ачигч, трактор тус бүр нэг, нийт 20 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж, автозамын 130-аас 137 км-т их хэмжээний шороо овоорсон байсныг зайлуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ.

Одоогоор 25-40 метр урттай, 4 хэсэгт автозамын шороон далан эвдэрснийг засварлах ажил үргэлжилж байгаа ба хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй аж.
Б.Туул
Холбоотой мэдээ