Оросын иргэдэд АНУ-ын виз олгохоос татгалзах болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-08-01 09:58:25
НЬЮ-ЙОРК./TASS/. Вашингтоны зүгээс Оросын эсрэг хоригоо чангатгаж байгаагийн хариуд ОХУ хариу арга хэмжээ авах тухай мэдэгдсэнээс хойш Москвад суугаа АНУ-ын элчин сайдын яамны ажилтнууд Оросын иргэдэд Америкийн виз олгохоос татгалзах нь их болсон тухай The New York Times сонинд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.

Уг материалд дурдсанаар, Оросд суугаа Америкийн дипломатчдыг 455 хүн болтол бууруулж байгаа нь Америкийн элчингийн зарим ажилд, тухайлбал виз олгоход хүндрэл учруулж байна гэж дурджээ.

Тус сонин АНУ-ын виз авахад нь туслах үйлчилгээ үзүүлдэг нэгэн компанийн ажилтан Шавкат Бутаевын ярьсныг иш татжээ. Түүний ярьснаар, Америкийн виз олгохоос татгалзах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн аж.

“Ийм тохиолдол урьд өмнө нь хэзээ ч байгаагүй, өдөр бүр 50-60 хүнд виз өгөхөөс татгалзаж байна” гэж тэрбээр ярьжээ.

Тус сонинд тэмдэглэснээр, 1986 онд Москвад суугаа АНУ-ын элчин сайдын яамны техникийн ажилтны тоог 260 хүнээр бууруулах шийдвэрийг ЗХУ-ын удирдлага гаргаж байжээ. Тэр үед Америкийн дипломат төлөөлөгчийн газар “голчлон нарийн бичиг, жолооч болон бусад техникийн ажилтнуудаа тус улсаас гаргахаас аргагүй” болж байжээ. “Тэр үед ажиллаж байсан хүмүүсээс энэ шийдвэр нь ямар их хор хохирол учруулж байсныг би олж мэдсэн” хэмээн уг материалд Москвад суух АНУ-ын элчин сайдын яамны нэрээ хэлэхийг хүсээгүй техникийн ажилтны ярьсныг иш татжээ.
О.Барс 


Холбоотой мэдээ