Тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-21 16:09:54
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хамтарсан судалгааны баг тус аймгийн Ногооннуур сумын Зааг, Жаргалант гэх газруудаас цуглуулсан тарваганы үхдлээс тарваган тахал өвчин үүсгэгчийг илрүүлэн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.

Энэ талаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Хоёр улсын хамтарсан судалгааны баг өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс эхлэн улсын хил дагуу Улаанхус, Ногооннуур сумдын нутагт тандалт судалгааны ажил хийж байгаа аж. Уг тандалт судалгаанд Ногооннуур, Улаанхус сум, Цагааннуур тосгоны нийтдээ 120 өрхийг хамруулсан ба тарваган тахал өвчний талаар сургалт, сурталчилгааг давхар хийжээ.

Ийнхүү тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй, хүн өвчлөх магадлал өндөр байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд сэрэмжлүүлэг түгээж, энэ сарын 17-ноос дархлаажуулалтын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аймаг нь тарваган тахлын маш өндөр идэвхтэй бүсэд хамаарах бөгөөд тандалт судалгааны ажил ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилэх аж.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ