Есөн хүүхэдтэй өнөр гэр бүлд тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:44:25

Дорноговь аймгийн Сайншанд хотын зургадугаар багт есөн хүүхэдтэй өнөр өтгөн нэгэн өрх айл аж төрдөг. Гэрийн эзэн Я.Эрдэнэжав гуай Сайншанд сумын Хот тохижилтын газарт  ачигч ажилтай, харин эхнэр Жавхлан гэртээ бага насны хүүхдүүдээ хардаг байна.

Тэдний анхны хүүхэд 1995 онд  мэндэлсэн бөгөөд хамгийн отгон нь хоёр настай. Том охин Энхмандал МУИС-д монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр сурдаг бол хүү Энхбаяр шашны сургуульд сурдаг. Харин Энхболд, Энхманлай, Энхсайхан хэмээх гурван хүү, Маралгуа охин нь Сайншандын  ерөнхий боловсролын сургуульд, Мөнгөн багана, Шүрэнбагана хэмээх ихрүүд болон хамгийн отгон Есөн-Эрдэнэ хүү цэцэрлэгийн багачуул аж. Өөрийн гэсэн  орон гэргүй, айлын хашаанд хүнд нөхцөлд ганцхан хүний цалингаар амьдралаа залгуулдаг энэ айлд туслах санааг Сайншандын М.Мөнх-Эрдэнэ хэмээх залуу анх сэджээ. Тэрээр сумынхаа  реп бүжгийн хамтлаг болон бусад залуусыг оролцуулсан “ONE MIC ONE STEP” хандивын тоглолтыг 11 дүгээр сарын 11-нд Сайншанд хотод зохион байгуулж олсон орлогыг олон хүүхэдтэй гэр бүлд хандивлах юм. Мөн Сайншанд сумаас Я.Эрдэнэжавын гэр бүлд  өмчлөлийн хашаа, гэр олгох асуудлыг шийдвэрлэхээр болжээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ