“А321”-ийн ослын шалтгааныг мөрдөн шалгахад Ирландын шинжээчид тусална

ДЭЛХИЙД | Нийгэм
jargal@montsame.mn
2015-11-02 13:40:24

МОСКВА./RIA Novosti/. Оросын агаарын тээврийн "Когалымавиа" компанийн онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгахад туслахаар Ирландын шинжээчдийн баг өнөөдөр Египетийг зорино. Энэ тухай Ирландын агаарын ослыг мөрдөн шалгах хорооны шинжээч Юрген Уайт мэдээлжээ.

Ирландын агаарын ослыг мөрдөн шалгах хорооны хоёр шинжээч болон Нисэх хүчний удирдах газрын нэг шинжээч Каир хотыг даваа гарагт зорих аж.

“Уг онгоц Ирландад бүртгэлтэй гэдэг шалтгаанаар бид шинжээчдээ илгээж байна, өгөх ёстой зарим баримт бичиг бий, мөн онгоцны бүртгэлтэй холбоотой асуудлууд үүсч болзошгүй” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Оросын түүхэн дэх онгоцны томоохон осол бямба гарагт болсон юм. Тус улсын агаарын тээврийн "Когалымавиа" компанийн Airbus-321 онгоц Египетийн Шарм-эш-Шейх хотоос Санкт-Петербург хотын чиглэлд нисч байхдаа Синайн хойгт осолдсон. Онгоцонд 217 зорчигч болон багийн 7 гишүүн сууж явсан бөгөөд бүгд амиа алдсан юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ