“Ноён” уулаа хөндөхгүй байхыг иргэд Ерөнхий сайдад захив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-22 22:40:27
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сүхбаатар сумдын иргэдтэй уулзалт хийхдээ Засгийн газрын бодлого шийдвэрт Ноён уулын асуудал багтаж байгааг нутгийн иргэддээ хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх сумдын иргэдтэй уулзах уулзалтынхаа эхэнд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч, тогтворжиж буйг олон улсын шинжээчид дүгнэснийг онцлон хэлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй уруудаж хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 4.2 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 5000 хүнээр буурсан мэдээллийг ч Ерөнхий сайд хүргэлээ.
Мөн ”манай Засгийн газар ажил аваад 10 сар орчим болохдоо макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засагт эерэг үр дүн авчирлаа. Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа. Иймд ирэх оноос цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа. Тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, цалинг 2019 оноос нэмэхээр шийдвэрлэсэн. Зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд гэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгана"
хэмээн хэллээ.
Дээрх гурван сумын иргэдийн зүгээс, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь маш зөв алхам гэж үзэж байна. Бид Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоо хөдөлгөж, иргэддээ ашиг хүртээх цаг нэгэнт болжээ гэдгийг Ерөнхий сайдад хэлж байлаа. Мандал сумын иргэдийн хувьд “Ноён” уулаа хөндөхгүй байхыг уулзалтын үеэр Ерөнхий сайдад чухалчлан захиж байв. Ерөнхий сайдын зүгээс иргэдэд хандаж “Уул уурхайн ордоо ашиглахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлнэ. Бид хийж чаддаг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангая. Цаашид гадаадад экспортолъё. Манай Сэлэнгэ нутгийн ард түмэн жинхэнэ эко үр тариа, төмс, хүнсний ногоо тариалдаг хүмүүс. Монгол Улсын Засгийн газраас тариаланч, ногоочиддоо "Итгэлийн зээл" олгож, ногооны зоорьтой болоход нь дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдэж байлаа. Мөн  уул уурхайн салбарт нөхөн сэргээлт чухал гэдгийг онцлоод нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж байвал тусгай зөвшөөрлийг нь цуцалж, түүхэн дурсгалт орд, газраа авч үлдэх шийдвэр гаргасан гэдгийг онцлон мэдэгдсэн. Сүхбаатар суманд хийсэн уулзалтынхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олон Улсын худалдааны төвөөр орж, жижиг бизнес эрхлэгч иргэдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний санал бодлыг сонссон юм.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ