Онцгойгийн алба хаагчид бүтээлч ажил өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-21 18:50:45
Дундговь/МОНЦАМЭ/ Хашаагүй аж төрж байсан ахмад настанд шинэ хашаа барьж, амьдрах орчныг нь тохижуулж өгсөн, гэр хорооллын зургаан айлд ус зөөдөг тэрэг хийж бэлэглэсэн, Мандалговиос Дэлгэрцогт сум хүртэлх авто замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, хотын ногоон байгууламжийг өргөтгөн мод тарьсан гээд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хаврын турш бүтээлч ажил өрнүүлжээ
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын харъяа Гал унтраах 25 дугаар анги үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой ирэх намар тохиох юм. Түүхт ойгоо угтан тус байгууллагын алба хаагчид бүтээлч ажлын аян өрнүүлж байгаагийн нэг хэсэг нь энэ бөгөөд тэдний бүтээлч ажил одоо ч үргэлжилж байна.
Гал унтраах 25 дугаар анги БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар 1977 оны наймдугаар сарын нэгний өдөр “Гал команд" нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. 1991 онд Засгийн газрын тогтоол, аймгийн АДХ- ын гүйцэтгэх захиргааны даргын захирамжаар Гал түймэртэй тэмцэх алба, 2004 онд Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб болж ажиллаж байгаад 2005 онд Онцгой байдлын хэлтэс байгуулахад түүний харъяа Гал унтраах анги болсон  байна.
Тус байгууллагын алба хаагчид ард иргэдийг болзошгүй аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чадварыг иргэдэд эзэмшүүлэх гол үйл ажиллагааныхаа  зэрэгцээ бусдын сайн сайхны төлөө ийнхүү бүтээлч ажлыг санаачлан өрнүүлж байгаа нь бусдад үлгэр дууриал болохоор байна. Ойрын хугацаанд алба хаагчид цахилгаанаас үүдэлтэй эрсдэл учирч болзошгүй айл өрхүүдийн гэрэл цахилгааны холболтыг  шинэчлэн засч өгөхөөр төлөвлөжээ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ