Хүдэрчүүд байгалийн дагалдах баялгаар олсон орлогоороо сумаа хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-21 12:42:27
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын шинэ удирдлагууд сумаа хөгжүүлэх үйлсэд ихээхэн зорилго чиглэлтэйгээр хандан ажиллаж байгаа ажээ. Тухайлбал сумын ИТХ-аар орон нутгийн давсан орлогоос нэг тэрбум 183 сая орчим төгрөгийг сумынхаа зам, цахилгаан хангамж, цэцэрлэгийн өргөтгөл, эмнэлгийн засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт гээд бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар баталжээ.

Хүдэр сумын тухайд нийт нутгийн 60 гаруй хувийг ой мод эзэлдэг бөгөөд байгалийн дагалдах баялаг болох  төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг ашигт малтмал, олон төрлийн жимс, самар, нэн ховор,  ховор болон  элбэг ургамлын төрөл зүйл ихтэйгээрээ онцлог давуу чанартай юм. Энэ ч утгаараа Хүдэр сумын улс, орон нутгийн татварын төлөвлөгөөт орлого жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа аж. Жишээ нь 2013 онд 170 гаруй сая төгрөг байсан бол өнөөдөр 230 саяд хүрчээ. Тодруулбал сумын байгалийн дагалдах орлого болох самрын хураамжаар 2016 онд 920 сая, 2017 онд 2 тэрбум 270 сая төгрөгийн орлогыг сумандаа төвлөрүүлж чадсан байна. Энэхүү давсан орлогоораа сумандаа бүтээн байгуулалт хийхээр сумын удирдлагууд төлөвлөгөөндөө тусгаад байгаа юм. Үүний нэг жишээ бол 2500 хүн амтай тус сумын нийт өрхөд хүрэлцэхүйц шилэн кабелийг өргөтгөх ажилд нийт 54 сая төгрөг төсөвлөөд байгаа аж.
Түүнчлэн Хүдэрчүүд Ерөө бүсийн хөгжлийн хандлагатай нийцүүлэн 2014-2023 он хүртлэх эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө баталж гаргажээ. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсанаар нийтдээ 191 төсөл, үйл ажиллагааг 50 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх гэнэ. Үүнийхээ 81 хувийг нь улсын төсөв, 6 хувийг орон нутаг, 13 хувийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцсон байна. Мөн тус төлөвлөгөөгөөр сумын хүн ам хөгжлийн эдийн засагт шилжиж, нийгмийн бүхий л үйлчилгээг өндөр түвшинд хүртэх боломж бүрэн нээгдэнэ хэмээн үзэж байгаа ажээ. Суманд хийгдэх дээрх бүх ажлууд нь сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгадсан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ