Ханбогд сумын нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цөлжилтөд хүчтэй өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 10:02:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөн гэсэн судалгаа байгаа ажээ. Тиймээс Ханбогд сумын ЗДТГ, Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэс, ГБДЦГХЗахиргаа, Галба-Өөш, Долоодын сав газрын захиргаа хамтран сумынхаа албан байгууллагуудын төлөөллийг хамруулсан уулзалт ярилцлага зохион байгуулж, цөлжилттэй хэрхэн тэмцэх, иргэд юу хиих ёстой талаар нухацтай ярилцжээ.
Энэхүү уулзалтыг нээж сумын Засаг дарга Б.Дэндэвсамба хэлсэн үгэндээ цөлжилттэй тэмцэх өдрийг цагаан сар, баяр наадмын өдөр шиг хүн бүр мэддэг байх нь зүйтэй хэмээн уриалсан байна. Уул уурхайг дагасан нүүрс тээврийн болон олон салаа зам их болж салхи, шороон шуурганы тоо ихэссэн нь хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн цөлжилт эрчимжиж байна гэж уулзалтад оролцсон иргэд үзлээ. Мөн бэлчээрийн мал аж ахуйн сүргийн бүтэц алдагдаж байгаа нь цөлжилтөд нөлөөлөх шалтааны нэг гэж үзжээ. Иймээс иргэн бүр ногоон байгууламжийг бий болгож, байгальтай зүй зохистой харьцаж, говь нутгаа цөлжилтөөс авран хамгаалахын тулд үр хүүхдүүдээ багаас нь цөлжилтийн талаар ойлголттой, байгаль дэлхийгээ хайрлах үзэлтэй болгон төлөвшүүлэх нь зүйтэй юм гэж үзсэн байна.  
Жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр болгон цөлжилтийн эсрэг тэмцсээр ирсэн ажээ. Энэ жилийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй" гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Эл өдрийг тэр бүр хүн мэддэгүй учраас ялагуяа говийн иргэдэд цөлжилттэй тэмцэхийн тулд энэхүү өдрийг зайлшгүй тэмдэглэн өнгөрүүлж байх хэрэгтэйг онцложээ.
Судлаачид цөлжилт бий болж буй шалтгааны 87 хувь нь хүний буруутай үйлдлээс үүсч байгааг судлан тогтоосон байна.
Д.Мишигсүрэн 
Холбоотой мэдээ