Явуулын үзлэгийнхэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-21 00:07:56
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Явуулын үзлэгийнхэн хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхдээ “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмаар 17 сум, 6 тосгонд хуваарийн дагуу 6-р сарын 5-наас 7-р сарын 1-нийг дуустал ажиллаж байгаа юм.
Тэд нэг ээлжиндээ нарийн мэргэжлийн эмч нараас гадна чиглүүлэгч эмч ажиллуулснаар нэг суманд доод тал нь 420-450 гаруй иргэдийг үзлэгт хамруулж байгаа аж. Тус явуулын амбулаторийнхон 6-р сарын 17-ны байдлаар 10 гаруй сумын 5000 гаруй иргэдэд хүрч үйлчилсэн мэдээтэй байна. Иргэд энэхүү явуулын амбулаторийн үйлчилгээнд тун сайшаалттай хандаж байгаа гэнэ. Учир нь хөдөөгийн иргэд аймгийн төв орж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа доод тал нь 1-2 хоног болдог байна. Тус “Явуулын амбулатори-2017” үзлэгийнхэн одоо Орхоны бүсийн таван суманд энэ сарын 25-ныг дуустал ажиллах юм. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд өдөрт дунджаар 500-750 хүнд хүрч үйлчилдэг. Эдгээр үйлчлүүлэгчдийн зарим нь хөдөө орон нутгаас ирдэг тул тухайн өдөртөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад цаг хүрэлцэхгүй байх тохиолдол гардаг байна. Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг хамт олон өмнө нь “Нээлттэй хаалганы өдөр”-өөр хүргэдэг байсан үйлчилгээнийхээ хэлбэрийг өөрчилж явуулын үйлчилгээг 17 сум, 6 тосгоны иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх бодлого баримтлан энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ