Ази Номхон далай бүсийн скаутын жемборид 6 салаа бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-20 21:19:47
Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх сарын сүүлчээр Монгол Улсад болох Ази Номхон далайн бүсийн скаутуудын 31- р жемборид Дундговь аймгаас оролцох хүүхдүүд бэлтгэлээ хангаж байна. Өнөөдрийн байдлаар 6 салаа бэлэн болжээ. Нэг салаа 10 хүүхдээс бүрдэх юм.
Жемборид Дундговь аймгаас 100 хүүхэд оролцох хуваарьтай. Дэлхийн 30 гаруй орны хүүхэд залуучууд хүрэлцэн ирж оролцох энэ томоохон үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахад зохион байгуулалт болоод бусад дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ илэрхийлж байсан. Энэ дагуу тэрээр жемборид  оролцох хүүхдүүдийг идэвхижүүлж, нэгдсэн удирдлагаар хангах  үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Жембори ирэх долдугаар сарын 27- ноос наймдугаар сарын 3- ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно. Дэлхийн 30- аад орноос 2 мянга гаруй, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс 4 мянган хүүхэд, залуус нэгэн дор цугларч, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа амьдран, бие биеэсээ суралцаж, цаашид байнгын харилцаа холбоотой байж насан туршийн найз нөхөд болох алхмаа эхэлнэ.
Ази,номхон далайн бүсийн хэмжээнд дөрвөн жилд нэг удаа болдог энэ томоохон үйл ажиллагаа эх оронд нь болох гэж байгаа энэ завшааныг алдалгүй өөрийн аймгаас хүүхдүүдээ оролцуулахад  Засаг дарга анхаарч,  тэдний өмсөх хувцасны жигдрэлт, замын зардалд шаардагдах санхүүжилтыг шийдэн, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.
 
Т. Отгонтуяа    
 
Холбоотой мэдээ