Д.Даваасүрэн: Хилийн чанад дахь 4816 иргэн санал өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос өнөөдөр ГХЯ-нд хэвлэлийн бага хурал хийв.
Төв комиссын дарга Д.Даваасүрэн, Төв комиссын дэд дарга Д.Баяндүүрэн, комиссын гишүүн Н.Анхбаяр, Л.Базарсад нар дараах мэдээллийг өгөв.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комиссоос гадаадад байгаа монгол иргэдээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, санал өгөх ажлыг зохион байгуулсан. Ингээд манай иргэд энэ сарын 10-11-ний өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд тогтоосон санал авах байранд очиж саналаа өгчээ. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд гадаад дахь нийт 7209 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байсан ч өнгөрсөн хоёр өдөрт 4816 хүн саналаа өгсөн байна.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 6233 хүн саналаа өгнө хэмээн бүртгүүлснээс 4248 сонгогч өгсөн. Өөрөөр хэлбэл, түрүү жилийг бодвол 568 сонгогчийн илүүтэй байв. Санал хураалтын явцад ямар нэгэн хүндрэл учраагүй. Харин сошиал орчинд гурван нэр дэвшигчийн хэн нэг нь илүү санал авсан мэтээр мэдээлж буй нь ташаа зүйл. Энэ сарын 26-нд саналыг тоолж нийтэд мэдээлнэ хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид ярьлаа.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал