Энэ зун өвлөөс бусад улирлын өнгийг нэг өдөрт үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-12 10:22:30
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар тахиа жилийн зун эрт айлсаж ирсэн хэдий ч  зарим үед хэт халж, хуурай салхилж, хаяа сэрүүсч нэг өдрийн дотор өвлөөс бусад гурван улирлын өнгийг үзүүлж байна.
Малчдын ярьж байгаагаар мал ногоонд цадаж, айраг сүү, цагаан идээ элбэгшиж байгаа хэдий ч хэт халж, хэт сэрүүсч цаг агаар тогворгүй байгаа нь зарим сумдын нутгаар ургасан ногоо гандаж, хатаж гандуухан байна гэцгээж байна.
Энэ жил хур чийг бага орсны улмаас Ховд хотын төвд хуурайшилт ихсэж, ургамал ногоо гандуу, цагаан шороо тоосжилт ихтэй  байна. Хотын төвийн явган хүний замын дагуу салхины үзүүрээр тоос бужигнаж, цаанаа  л хуурайшилттай байна.
Хар ус нуур, Буянт голын сав дагуу нутагладаг сумдын нутгаар ногоо цагаа элбэг байгаа нь айлууд ялаа, шумууланд туугдаж, шил газар бараадаж буй нь малчдын  нүүдлээс илт байна. Айлуудын нүүдэл энэ зургаан сарын 10-аас эхэлж үхэр тугал, хонь, ямаагаа эхлээр /ишиг хургатай нь/ тууж, гэр орноо портер/ амьжиргааны машин/-д ачаалж хэдэн өдөр нүүдэл үргэлжилдэг.
Гэсэн хэдий ч хэдэн зууны турш Ховдчуудыг ундаалж ирсэн Буянт голын хөвөө торгон ногоон зүлгээрээ гоёж, тунгалаг усанд  цэцэрлэг, сургууль нь амарсан тул хүүхэд багачууд дулаан тогтуун нартай өдрүүдэд усан дотор тоглож өнжиж байна. Голын зүлгэн дээгүүр малтай айлууд нүүж ирж, байр орон сууцны айлууд зусландаа гарцгаажээ.
Дэлгэр зуны өнгийг Ховд хотын төвд ургасан улиаснууд чимж, Монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн сонгуулиа өгчихөөд, улсын наадамдаа бэлдэхээр уяачид хурдан хүлгээ Буянт голын ногоон зүлгэн дээр эхнээсээ  сойж эхэлж байна.
 
А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ